
Зургийг: mongolia.gov.mn
“Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр зогсоогүй, идэвхтэй үргэлжилж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ. Энэ сарын 12-нд “Rio Tinto”-оос хэлэлцээрийн баг ирнэ. Энэ хэлэлцээрээр тодорхой үр дүн гаргахыг зорьж байгааг тодотголоо. Монголын талаас зээлийн хүү болон менежментийн төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн бууруулахыг зорьж байгаа юм. Мөн “Онтрэ”-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөлтэй талбайд хөрөнгө оруулалтын шинэ гэрээ байгуулахаар төлөвлөж байна.
Үүнээс гадна стратегийн орд газруудад Төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох хэлэлцээр үргэлжилж байгааг Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэдээллээ. Урьдчилсан байдлаар дөрвөн аж ахуйн нэгжтэй санамж бичиг байгуулсан байна. Үлдсэн зарим аж ахуйн нэгж хэлэлцээрт идэвхгүй хандаж буй нь хүндрэл үүсгэж байгааг тодотголоо.
Иймд хэлэлцээрийг үргэлжлүүлэх, өгөөж болон санхүүгийн тооцоолол хийхэд тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх, хөрөнгө оруулагчдад тодорхой ойлгомжтой нөхцөл бүрдүүлэх үүднээс бие даасан хуулийн төсөл боловсруулах чиглэл өгсөн.
“Энержи Ресурс”, “Хангад Эксплорэйшн”, “Өсөх зоос”, “Ачит ихт” гэсэн дөрвөн компанитай Төр 34 хувь эзэмших, ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх, өгөөж 60 хувьд хүрэхгүй тохиолдолд нэмэлт төлбөр төлөхөөр урьдчилсан байдлаар тохиролцсон.
Түүнчлэн Засгийн газрын ээлжит хуралдаанаар орон сууцуудад дулааны тоолуур суурилуулах ажлыг эрчимжүүлж, энэ оны III улирлаас хэрэгжүүлж эхлэх чиглэл өгснийг Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдээллээ.
Одоогоор баригдсан байгаа орон сууцуудын 53 орчим хувьд тоолуур суурилуулах боломжтой. Цаашид шинээр баригдах орон сууц, барилгуудад дулааны тоолуур заавал суурилуулах шаардлага тавина.
Үнэ тарифын тухайд Эрчим хүчний зохицуулах хороо бие даан шийдвэр гаргах эрхтэй ч Засгийн газрын зүгээс зах зээлийн зарчимд нийцүүлэн зохистой хэмжээгээр зохицуулах чиглэл өгчээ.