
Зургийг: С.Батсайхан
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудын хувьцааны ханшид уналт давамгайлж байна. Тухайлбал: зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэгч “Тавантолгой” ХК-ийн хувьцааны ханш он гарсаар 4.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тус компанийн өнгөрсөн жилийн санхүүгийн гүйцэтгэл тааруу байснаар хөрөнгө оруулагчид хувьцааг нь зарж эхэлсэн аж.
Нүүрсний зах зээл энэ онд сэргэж буй дүр зурагтай байгаа ч биржид бүртгэлтэй нүүрс олборлогчдын хувьцаа уналттай арилжаалагдсаар байна.
Энэ оны байдлаар “Шивээ-Овоо” ХК-ийнх 18.5 хувиар, “Адуун чулуун” ХК-ийнх 3.6 хувиар буурчээ. Харин “Багануур” ХК-ийн хувьцааны ханш 15 хувийн өсөлттэй байгаа юм.
Харин олон улсын биржид бүртгэлтэй компаниудаас “Rio Tinto”-ийн хувьцааны ханш он гарсаар 16 орчим хувиар өсөөд байна. Гуравдугаар сарын эцсээр макро орчин муудаж эхлэх үед хөрөнгө оруулагчид таваарын зах зээлд бат бөх байр суурьтай боломжууд руу шилжиж эхэлсэн юм. Үр дүнд нь “Rio Tinto”-ийн хувьцааны ханш огцом өсөж, одоогоор өсөлтөө хадгалсаар байна.