
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Bloomberg) -- Хиймэл оюунд ашиглах чипийн эрэлт эрс өссөнөөр дэлхийд санах ойн чип үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Samsung Electronics”-ийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд дөрөв дахин өсөж, тус компанийн зах зээлийн үнэлгээ нэг их наяд ам.доллар хүрлээ.
Лхагва гарагийн арилжааны эхэнд тус компанийн хувьцааны ханш 12 хүртэлх хувиар өсөөд байна. Ингэснээр Тайванийн TSMC компанийн дараа нэг их наяд ам.долларын үнэлгээнд хүрсэн Азийн хоёр дахь компани болж чадлаа. Түүнчлэн энэхүү өсөлт нь “Kospi Index”-ийг түүхэндээ анх удаа 7000 нэгжээс давахад түлхэц болсон байна.
“Samsung Electronics” нь “SK Hynix” болон TSMC-ийн хамтаар Азийн зах зээлийг дэлхийн хиймэл оюуны эко системийн гол төв болгоход нөлөөлж буй. Чип үйлдвэрлэлийн давамгай байдал, дата төвүүдийн дэд бүтэцтэй хосолсноор тус бүс нутгийн технологийн хувьцаануудын ханш огцом эрчимжихэд хөшүүрэгдэж байна.
Мөн “SK Hynix” болон TSMC-ийн хувьцааны ханш энэ сард түүхэн дээд түвшинд хүрсэн юм. Энэ нь хөрөнгө оруулагчид дэвшилтэт чип болон тооцоолох хүчин чадлын эрэлт урт хугацаанд тогтвортой байна гэж үзэж буйн илрэл болж байна.
“Samsung нэг их наяд ам.долларын үнэлгээтэй болсон нь бэлгэдлийн шинжээс давсан бодит жинтэй үйл явдал. Өргөн хүрээнд авч үзвэл энэ нь хиймэл оюуны дэд бүтцэд санах ойн чипийн гүйцэтгэх үүрэг мөчлөгийн шинжтэй бус, харин бүтцийн шинжтэй болсон гэдгийг зах зээл илэрхийлж байна” гэж Нью-Йоркт төвтэй “Roundhill Investments” компанийн Гүйцэтгэх захирал Дэйв Мазза дүгнэж байна.
Хэдхэн өдрийн өмнө “Samsung Electronics” компани чипийн нэгжийн ашиг нь гуравдугаар сараар эцэслэсэн санхүүгийн улиралд 48 дахин өсөж, түүхэн дээд түвшинд хүрснийг тайлагнаж байлаа. Чипийн нийлүүлэлт дутагдалтай хэвээр тул дараа дараагийн улирлуудад “Samsung Electronics”-ийн чип нийлүүлэх гэрээний үнэ эрс дээшилсэн чиглэлээ хадгалж, ашгийн дээд үзүүлэлтээ дахин эвдэх төлөвтэй гэж шинжээчид таамаглаж байна.