
Зургийг: tass.ru
2026 оны эхний улиралд Монгол Улс ОХУ-аас 1.9 сая ам.долларын үнийн дүн бүхий тахианы өндөг импортолсноор тайлант хугацаан дахь хамгийн том худалдан авагч нь болсныг ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны харьяа “Агроэкспорт” төв мэдээлсэн байна.
Оны эхний гурван сард тус улс нийт 4600 тонн өндөг экспортолж, зургаан сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 21 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Монгол Улсын Евразийн Эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээр батлагдсанаар 90 сая ширхэг хүртэлх өндөгний импортод татварыг 50 хувь хөнгөлж, 7.5 хувийн татвар ногдуулахаар болоод байгаа юм.
Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд өнгөрсөн онд 395 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, дотоодын нийт хэрэглээний 76 орчим хувийг хангасныг Тахианы аж ахуй, өндөгний бизнес эрхлэгчдийн холбоо мэдээлж байв. Харин үлдсэн 24 хувь буюу 120 сая ширхгийг импортоор хангасан байна.