
Зургийг: Bloomberg
Төлбөрийн тэнцэл гуравдугаар сарын эцсийн байдлаар 574.6 сая ам.долларын ашигтай гарлаа. Тухайлбал: урсгал данс 481.2 сая ам.долларын ашигтай гарснаас нийт барааны экспортын дүн 1.8 тэрбум ам.доллар хүрч, өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байна. Хэдий тийм боловч импорт харьцангуй бага өөрчлөлтэй байснаар тус дансны ашиг сүүлийн найман сарын хугацаанд өсөх хандлагатай байгаа юм.
2025 оны хоёрдугаар хагасаас экспортын гол барааны, бүтээгдэхүүний ханш өсөхтэй зэрэгцээд экспорт эрчимжиж эхэлсэн нь төлбөрийн тэнцэлд томоохон дэмжлэг болж байна. Энэ оны эхний гурван сарын үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад барааны худалдааны ашиг бараг 10 дахин нэмэгджээ.
Түүнчлэн аяллын үйлчилгээний төлбөрийг багтаадаг үйлчилгээний дансны алдагдал өмнөх сараас буурч, 305.9 сая ам.доллар хүрсэн байна.
Харин урсгал дансны хамгийн том зардал болох хөрөнгө оруулалтын зардал 401.5 сая ам.доллар хүрчээ. Он гарснаас хойш үүнд нийт 1.2 тэрбум ам.долларын төлбөр төлсөн байна.
2026 оны эхний сард 489.2 сая ам.долларын алдагдалтай гарч байсан ч I улирлын эцэст бүрэн нөхөн авч, оны байдлаар 95.5 сая ам.долларын ашигтай гарсан үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн оны мөн үед экспорт нэлээд удааширч, төлбөрийн тэнцэл 602 сая ам.долларын алдагдалтай гарч байсан юм. Харин энэ онд эрс өөрчлөгдсөн дүр зурагтай байна.