
Зургийг: masd.mn
Биржийн бус зах зээл дэх шинэ бонд гаргалт 2024 оноос хойших дээд түвшинд хүрлээ. 2026 оны дөрөвдүгээр сард тус зах зээлд 356.9 тэрбум төгрөгийн бонд шинээр гарсан нь өнгөрсөн оны эхний дөрвөн сард гарч байсан нийт дүнтэй бараг тэнцэхүйц үзүүлэлт болж байна. Түүнчлэн 43.5 сая нь ам.доллароор нэрлэгдэж гарсан нь мөн л түүхэн дээд үзүүлэлт болж буй.
Хаалттай зах зээл дэх нийт өрийн хэрэгслийн үлдэгдэл дүн дөрөвдүгээр сарын эцэст 3.7 их наяд төгрөг хүрсэн ба сүүлийн нэг жилийн хугацаанд 48 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Анхдагч зах зээлийн арилжааны хэмжээ өсөлттэй байгаа бол хоёрдогч зах зээлийн арилжаа саарсан дүр зурагтай. Нийт арилжааны хэмжээ 178.8 тэрбум төгрөг байсан нь 2026 оны сарын дундаж дүнгээс илт бага дүн болсон байна.
Дөрөвдүгээр сард зах зээлд компанийн өрийн бичгийн нийлүүлэлт хангалттай байснаар арилжааны хэмжээ буурахад нөлөөлсөн байж болзошгүй юм.
Шинэ бондуудын хүүгийн түвшин огцом өөрчлөлтгүй байна. Инфляц зорилтод интервалын ойролцоо тогтворжтол Монголбанкнаас бодлогын хүүг өөрчлөхгүй бөгөөд мөнгөний бодлогын өөрчлөлт биржийн бус зах зээлд хоцрогдолтойгоор нөлөөлөх тул бондуудын хүү одоогийн 19-20 хувийн түвшинд хадгалагдсан хөдөлгөөн хэсэг хугацаанд хэвээр үлдэх төлөвтэй байна.