
Зургийг: Asian Development Bank
Азийн Хөгжлийн Банк 2035 он гэхэд шинэ эрчим хүч болон дижитал дэд бүтцийн шинэ санаачилгуудыг 70 тэрбум ам.доллароор дэмжиж санхүүжилт олгохоор төлөвлөж буйг энэ сарын гурванд Узбекистаны Самарканд хотод зохион байгуулсан жилийн уулзалтын үеэр мэдээллээ.
Энэ хүрээнд эрчим хүчний сүлжээг холбох, хил дамнасан эрчим хүчний арилжааг өргөжүүлэх, мөн Ази, Номхон далайн бүс нутагт өргөн зурвасын сүлжээний хүртээмжийг сайжруулах зорилт тавьсан байна.
“Эрчим хүч болон дижитал хүртээмжтэй байдал бүс нутгийн ирээдүйг тодорхойлно” гэж тус банкны Ерөнхийлөгч Масато Канда хурлын үеэр онцолжээ. “Энэхүү хоёр санаачилга нь Ази, Номхон далайн бүс нутгийн өсөлт, өрсөлдөх чадвар, холболтыг дэмжих суурь системийг бүрдүүлнэ. Эрчим хүч болон дижитал сүлжээг хил дамнуулан холбосноор зардлыг бууруулж, боломжийг нэмэгдүүлэн, хэдэн зуун сая хүнд найдвартай эрчим хүч, дижитал хүртээмжийг хүргэнэ” гэж тэрбээр дурдсан байна.
“Пан-Ази эрчим хүчний сүлжээ” санаачилга нь үндэсний болон дэд бүсийн эрчим хүчний системүүдийг холбож, сэргээгдэх эрчим хүчийг хил дамнуулан түгээх боломжийг бүрдүүлэх юм. Харин “Ази-Номхон далайн дижитал хурдны зам” санаачилга нь дижитал дэд бүтцийн зөрүүг бууруулж, хиймэл оюунд суурилсан өсөлтийн үр өгөөжийг бүс нутгийн хэмжээнд хүртээх зорилготой.
Пан-Ази эрчим хүчний сүлжээ санаачилгын хүрээнд тус банк Засгийн газрууд, эрчим хүчний компаниуд, хувийн хэвшил болон хөгжлийн түншүүдтэй хамтран 2035 он гэхэд 50 тэрбум ам.доллар босгож, хил дамнасан эрчим хүчний дэд бүтцэд хөрөнгө оруулна. Үүнд дамжуулах шугам, дэд станц, эрчим хүч хадгалах систем, сүлжээний дижиталчлал зэрэг багтана.
Мөн эрчим хүчний арилжаатай уялдсан сэргээгдэх эрчим хүчний экспортын төслүүд, бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний төвүүд, зэргийг дэмжинэ. Ингэснээр 2035 он гэхэд дээрх санаачилгаар дамжуулан 20 гигаватт орчим сэргээгдэх эрчим хүчийг хил дамнуулан нэгтгэх, 22 мянган км дамжуулах шугам холбох, 200 сая хүний эрчим хүчний хүртээмжийг сайжруулна гэж үзжээ.
Түүнчлэн 840 мянган ажлын байр бий болгож, эрчим хүчний салбарын хийн ялгарлыг 15 хувиар бууруулах зорилт тавьсан байна.
Тус банк 50 тэрбум ам.долларын тал орчим хувийг өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлж, үлдсэнийг хамтарсан санхүүжилт, тэр дундаа хувийн хэвшлээс босгоно. Мөн зохицуулалтын уялдаа, техникийн стандарт, ТЭЗҮ боловсруулах зэрэгт зориулан 10 сая ам.долларын техникийн туслалцаа үзүүлэх юм.
Санаачилгыг дэмжих зорилгоор Сөүл хотноо хиймэл оюуны инновац ба хөгжлийн төв байгуулагдана. БНСУ-ын Засгийн газрын 20 сая ам.долларын дэмжлэгтэйгээр байгуулагдах энэхүү төв нь хиймэл оюуныг хариуцлагатай, хүртээмжтэй байдлаар нэвтрүүлэхийг дэмжиж, 2035 он гэхэд ойролцоогоор гурван сая хүнийг дижитал болон хиймэл оюуны чиглэлийн ур чадвараар сургах зорилготойг онцолж байна.