
Зургийг: Э.Тэнгис
Монголын Хөрөнгийн бирж дээрх хувьцааны арилжаа эрчимжсээр байна. 2026 оны дөрөвдүгээр сард нийт 25.9 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдсан нь он гарснаас хойш гурав дахь сардаа дараалан өссөн үзүүлэлт болж байна.
Хамгийн өндөр хөрвөх чадвартай хувьцаануудын ханш дийлэнхдээ уналттай байгаа хэдий ч худалдан авагчид идэвхтэй арилжаанд оролцож байна. Монголын Хөрөнгийн биржээс хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг томоохон өөрчлөлтүүдийг энэ онд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаас урьтаж зах зээл идэвхжиж эхэлсэн дүр зурагтай байгааг сүүлийн үзүүлэлтүүд харуулж байна.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 94.8 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 53.8 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
Топ-20 индексийн уналт 2025 оны мөн үеэс эрчимжиж, дөрөвдүгээр сарын эцэст 5.3 хувиар буурсан хөдөлгөөнтэй байсан юм. Хэдий тийм боловч хөрөнгө оруулагчид үнэлгээ нь буураад буй компаниудын хувьцааг доод цэгт нь худалдан авсаар байна.
Үүнээс гадна тогтмол орлоготой хэрэгслүүдээс бондын арилжааны хэмжээ өсөлттэй байна. Оны эхний дөрвөн сард нийт 65.4 тэрбум төгрөгийн бонд арилжаалагдаж, өмнөх оны мөн үеэс 46.4 хувиар нэмэгджээ.
Харин өнгөрсөн онд дийлэнх шинээр гарсан хөрөнгөөр баталгаажсан үнэт цааснууд Улаанбаатар үнэт цаасны биржид бүртгүүлж байсан тул Монголын Хөрөнгийн бирж дээрх арилжаа удааширсан байна. Хэдий тийм боловч урт хугацааны өсөх хандлагаа хадгалсаар буйг харж болохоор байгаа юм.