
Зургийг: С.Батсайхан
Монголын Хөрөнгийн бирж дэх уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа 2025 оны сүүлийн хагаст эхэлсэн эрчээ хадгалж байна. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 3.6 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн үзүүлэлт боллоо.
Арилжааны гол бүтээгдэхүүн болох нүүрсний зах зээл өнгөрсөн онтой харьцуулахад эрс өөрчлөгдсөн дүр зурагтай байна. Ойрх Дорнодын мөргөлдөөн олон улсад, ялангуяа Азийн орнуудад эрчим хүчний хямралыг өдөөж, эрчим хүчний нүүрсний эрэлтийг бүс нутагт эргээд нэмэгдүүлээд байгаа юм. Ингэснээр нүүрсний ханш он гарсаар өсөлттэй байна.
Монголын Хөрөнгийн биржид арилжаалагдсан эрчим хүчний нүүрсний ханш дунджаар 72.2 хувиар өсөөд байгаа юм.
Үүнээс гадна коксжих нүүрсний үнэ арилжааны үеэр мөн эрс өсжээ. Монголын Хөрөнгийн биржийн мэдээлж байгаагаар коксжих нүүрс 21.1 хүртэлх хувийн үнийн өсөлттэй арилжаалагдаж байна.
Харин төмрийн хүдрийн арилжаа бага зэрэг удааширлаа. Оны эхний дөрвөн сард 1.7 сая тонн төмрийн хүдэр 375.7 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан нь өнгөрсөн оны мөн үед 2.7 сая тонн арилжаалагдсанаас 37 хувиар буурсан үзүүлэлт болж байна.
Түүнчлэн зэсийн баяжмал эсрэгээрээ илүү их арилжаалагдаж эхэлжээ. Монголын Хөрөнгийн биржид гурван зэсийн баяжмалын хэлцэл баталгаажсан нь 241 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.