
Зургийг: Ronda Churchill/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр хүүгийн хамаарал бүхий компани Казахстан улсад 1.1 тэрбум ам.долларын өртөг бүхий вольфрамын төсөл хэрэгжүүлж буй уул уурхайн группт хөрөнгө оруулсныг “Financial Times” мэдээллээ. Тодруулбал: Дональд Трамп Жуниор болон Эрик Трамп нар тусгай зориулалтын компаниар дамжуулан АНУ-ын барилга, бүтээн байгуулалтын “Skyline Builders” компанийн хувьцааг худалдан авсан байна.
Пүрэв гарагт “Skyline Builders” нь вольфрамын дээрх төслийг хэрэгжүүлэхээр өнгөрсөн онд шалгарсан, Нью-Йоркт төвтэй “Cove Capital” хөрөнгө оруулалтын группийн охин компани болох “Cove Kaz Capital Group”-тэй нэгдсэн аж. Нэгдэн нийлэх хэлцлийн үр дүнд тэдгээр компаниуд төслийг хэрэгжүүлэх “Kaz Resources” нэртэй шинэ групп болж байгуулагджээ.
Төв Казахстаны Караганда муж дахь Хойд Катпар, Дээд Кайракты гэсэн хоорондоо 30 орчим км зайтай хоёр ордоос бүрдэх тус төсөл нь хөгжүүлэлт хийгдээгүй дэлхийн хамгийн том вольфрамын нөөцийг хамарч байгааг “Cove Capital” мэдээлсэн байна.
ТЭЗҮ-ийн судалгаа болон 2023 оны үнэлгээгээр төсөл 1.4 сая тонн вольфрамын триоксидын нөөцтэй, жилд 12 мянган тонн вольфрам олборлох хүчин чадалтай нь дэлхийн нийт олборлолтын 15 хувьтай тэнцэх үзүүлэлт аж.