
Зургийг: Э.Тэнгис
Цахимжилт интернэтийн хөгжлөөс шалтгаалан бичиг, захидал, хэвлэл захиалга зэрэг уламжлалт шуудангийн үйлчилгээний эрэлт буурч байна. Нөгөө талдаа цахим худалдааны өсөлт нь шинэ боломж бий болгож буйг “Монгол шуудан” ХК 2025 оны үйл ажиллагааныхаа тайланд онцолжээ.
Зах зээлд өрсөлдөөн идэвхжиж, дотоод гадаад өрсөлдөгчдийн тоо нэмэгдсэнээр үнийн өрсөлдөөн ширүүсэж, ашигт ажиллагаанд нөлөөлөх эрсдэл үүсэж байна.
Түүнчлэн шатахууны хомсдол, үнийн өсөлт нь үйлчилгээний өртгийг нэмэгдүүлснээр зардлын дарамт бий болж байна. Мөн ажиллах хүчний хомсдол нь үйлчилгээний чанарт нөлөөлөх хүчин зүйл болж буйг тодотгов.
Эдгээрийг сөрөн тэсвэрлэхэд компани уламжлалт дэд бүтцийг орчин үеийн зах зээлийн шаардлагад нийцсэн, уян хатан, өндөр бүтээмжтэй дэд бүтэц болгон шинэчлэхэд хөрөнгө оруулж байгаа юм. Мөн технологи, автоматжуулалтыг нэвтрүүлж, хүний нөөцийн хамаарлыг бууруулах зэрэг арга хэмжээ авч буйгаа мэдээлсэн байна.