
Зургийг: Э.Тэнгис
Цар тахлаас хойш Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан бондуудын хүүгийн зөрүү багассаар байна. Тухайлбал: хамгийн сүүлд буюу энэ оны гуравдугаар сард шинээр гаргасан 500 сая ам.долларын бонд нэрлэсэн үнээр арилжаалагдаж, хүүгийн түвшин 5.95 хувь дээр тогтсон байдаг. Энэ нь эрсдэлгүй хүүгийн түвшин буюу ижил хугацаатай АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжөөс 215 суурь нэгжээр өндөр тогтож, хамгийн бага зөрүүтэй байв.
Өнгөрсөн оноос эхлээд олон улсын хөрөнгө оруулагчдын дунд хөгжиж буй орнуудын бондын эрэлт нэмэгдэж, эдгээр улсын Засгийн газруудад олон улсын зах зээлд бонд гаргахад таатай нөхцөл бүрдэж эхэлсэн юм. “JPMorgan Chase”-аас гаргадаг хөгжиж буй орнуудын бондын өгөөжийн зөрүүг хэмждэг индекс 2007 оноос хойших доод түвшинд хүрээд буй.
Үүний зэрэгцээ Монгол Улсын зээлжих зэрэглэл 2024 болон 2025 онд удаа дараа ахиж, дээд түвшиндээ тэнцэж ирсэн нь бондын хүүгийн зөрүү буурч, харьцангуй хямд санхүүжилт татах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
2023 оноос хойш Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан бондын хүүгийн зөрүү тогтворжиж, буурах хандлагатай байгаа ч үүнээс өмнө харьцангуй өндөр хэлбэлзэлтэй байсан. Ялангуяа 2016 онд таваарын зах зээл уналтад орж, төсвийн алдагдал тэлсний улмаас олон улсын агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг доод түвшинд хүргэж бууруулж байсан юм. Үр дүнд нь 2016 онд гарч байсан “Мазаалай” бондын хүүгийн зөрүү 967 суурь нэгж хүрч байсан нь хамгийн өндөр цэг нь болсон байна.