
Зургийг: mongolia.gov.m
Татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтөд аж ахуйн нэгжийг татварын дарамтаас чөлөөлөх шаардлагатай зарим зүйл заалтыг сайжруулж хялбаршуулсныг Засгийн газар мэдээллээ. Тухайлбал: жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлогод ногдох татвараас 90 хувийн буцаан олголт эдэлж буй таазыг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр тогтсон байна. Одоогоор 2.5 тэрбум хүртэлх орлоготой 180 мянга орчим аж ахуйн нэгж байгаа гэсэн тооцоо гарчээ. Мөн НӨАТ суутган төлөгчийн босгыг 50 сая төгрөг байсныг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан байна.
Түүнчлэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 25 хүртэлх хувиар тооцож ногдуулдаг заалтыг шатлалтай болгохоор болсон байна. Ингэхдээ 0-6 тэрбум төгрөгийн орлогод 10 хувь, 6-10 тэрбум төгрөгийн орлогод 15 хувь, 10 тэрбум төгрөгөөс дээш бол 25 хувийн орлогын албан татвар авахаар тусгажээ.
Мөн татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг бүрэн хаахгүй, 80 хувийг нь битүүмжлэх зэрэг заалтуудыг багтаасан байна.
Орон сууц өмчлөөд цааш нь худалдаж борлуулсан тохиолдолд хоёр хувийн үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татварыг авахгүй байх өөрчлөлт нэмэгдсэн аж.
Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгийн цалинд хувь хүний орлогын албан татвар авахгүй байх заалтуудыг татварын багц хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан байна.