
Зургийг: callpro.mn
“Viber” платформын бизнесийн шийдлүүдийг дотоодын нэг сая гаруй хэрэглэгчдэд шууд нэвтрүүлэх боломжтой болсныг харилцаа холбоо, технологийн шийдлээр үйл ажиллагаа явуулдаг “КоллПро” ХХК мэдээллээ.
Тус компани дэлхий даяар нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй “Rakuten Viber”-ийн албан ёсны хамтрагч болсноор Монголын бизнесийн байгууллагуудад хэрэглэгчтэй харилцах шинэ суваг, дижитал маркетингийн өргөн боломж нээгдэж байна. Тухайлбал: тус платформоор дамжуулан бизнесийн байгууллага албан ёсны баталгаат хаяг үүсгэх, чатбот суваг хөгжүүлэхээс гадна хэрэглэгчийн худалдан авалтын замнал болон зан төлөвт тохирох мессеж илгээх зэрэг орчин үеийн шийдэл тусгаж өгснийг онцоллоо.
Энэхүү түншлэлийн гол давуу тал нь бизнесүүд хэрэглэгчдээ зөвхөн зар сурталчилгаагаар бус, шууд харилцаа, автоматжуулсан үйлчилгээ, өгөгдөлд суурилсан маркетингаар татах боломжтой болж буй явдал юм. Ингэснээр “КоллПро” ХХК Монголын компаниудыг дэлхийн түвшний хэрэглэгчийн үйлчилгээ, хиймэл оюунд суурилсан харилцаа, дата маркетингийн шийдэлтэй холбож, дижитал шилжилтийг хурдасгах стратегийн алхам хийж байна.
Судалгаагаар мессеж сувгаар харилцсан хэрэглэгчдийн хариу үйлдэл нь уламжлалт и-мэйл маркетингаас өндөр байдаг тул энэ төрлийн платформууд жижиг, дунд бизнесүүдэд зардлаа бууруулж борлуулалтаа өсгөх шинэ хэрэгсэл болж байна.