
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл шинэ дээд түвшинд хүрснээр оны эхний улиралд төслөөс олборлосон нийт баяжмал дахь зэсийн хэмжээ 101.6 мянган тонн хүрч, өмнөх оны I улиралтай харьцуулахад 56 хувиар өссөнийг “Оюу Толгой” ХХК тайлагналаа.
Тайлант хугацаанд 92 мянган тонн зэс үйлдвэрлэх зорилт тавьсныг ийнхүү давуулан биелүүлэхэд гүний уурхайн "Панел 2" хэсгийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөт ажил гүйцэтгэл сайтай байсан, баяжмалын металл авалт өндөр буюу 90 орчим хувь байсан нь голлон нөлөөлснийг онцолж байна.
Мөн 123.1 мянган унц буюу өмнөх оны мөн үеэс хоёр дахин их хэмжээний баяжмал дахь алт үйлдвэрлэжээ. Ингэснээр оны эхний улиралд “Оюу Толгой” ХХК-ийн борлуулалтын орлого хоёр тэрбум ам.доллароор хэмжигдэж, төлөвлөгөөнд тусгасан 1.3 тэрбум ам.долларын борлуулалтаас давсан байна. Энэ хугацаанд 2.2 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөр хэлбэрээр улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.
“Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийн асуудалд өмнөх Засгийн газрын үед хийгдсэн хэлэлцээрүүдээс хойш төдийлөн ахиц гараагүй, цаашид яриа хэлэлцээг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэйг “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх хэлж байв.
Түүнчлэн “Entrée Resources” компанийн талбайд хэсэгчлэн хамаардаг "Панел 1"-ийн хөгжүүлэлтийн ажил лиценз шилжүүлэх явцаас шалтгаалан хүлээгдэж буй бөгөөд 2026 онд "Панел 1" хэсэгт хийх аливаа ажил төлөвлөөгүйг мэдээлсэн юм.