
Зургийг: Erdenes Tavantolgoi JSC / Эрдэнэс Тавантолгой ХК
“Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцаагаа дотоодын Хөрөнгийн биржээр арилжаалах ажлаа энэ онд багтаан хийхээр бэлтгэж байгааг мэдээллээ.
Энэ хүрээнд тус компанийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланд олон улсын хараат бус хөндлөнгийн аудит оруулах ажил 40 хувьтай үргэлжилж байна. Аудит зургаадугаар сар гэхэд дуусах аж. Мөн ордын нэгдсэн ТЭЗҮ-ийг батлуулахаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК үндсэн чиг үүрэгтээ хамаарахгүй өндөр өртөгтэй төслүүд санхүүжүүлж буй нь санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлж байгааг Үндэсний аудитын газар анхааруулж байсан юм. Тухайлбал: Гашуунсухайтын хил холболтын төмөр замын төслийг нийт 848 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээс өнгөрсөн онд 253 тэрбум төгрөг олгожээ. Мөн “Тавантолгой түлш” компанид 280 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Өнгөрсөн хугацаанд нийт 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон аж.
2025 онд тус компани 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай, 1.6 их наяд төгрөгийн татвар хураамж төлснөө тайлагнасан юм.
Энэ он гарсаар “Эрдэнэс Тавантолгой” 12.8 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 4.7 сая тонноор өссөн үзүүлэлт болж байна.
Нүүрсний экспортын бүтцийг харвал 2025 онд биржийн нүүрс 30 хувь, ам нөхцөлтэй гэрээний нүүрс 70 хувь байжээ. 2026 он гарсаар экспортод биржийн нүүрсний эзлэх хувь нэмэгдэж, 53 хувь хүрээд байна. Тус компани биржийн арилжааг нэмэгдүүлэх, ордыг сорчлохгүй байх бодлого баримталж буй.
Үүнээс гадна Монгол Улс нүүрсээ үнэтэй зарахын тулд нүүрсний үнийн бодлогоо оновчтой болгох нь чухал байгааг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнсамбуу онцоллоо.