
Зургийг: Э.Тэнгис
Эдийн засгийн өсөлтийг дагаад сүүлийн жилүүдэд оффисын зах зээлд хотын төвийн “А” бүсэд шилжих хөдөлгөөн нэмэгдэж байгааг салбарын төлөөллүүд тодотгож байна.
Бизнесийн байгууллагууд өмнө нь том талбайтай оффис сонирхох хандлага давамгайлдаг байсан бол энэ хандлага өөрчлөгдөж чанартай, ашигтай жижиг талбайтай оффисын борлуулалт нэмэгджээ.
Хотын төв цэгт тансаг зэрэглэлийн болон шинээр ашиглалтад орж буй барилгуудад оффисын сарын түрээс нэг метр квадрат нь дунджаар 80-100 мянган төгрөг байгааг Unegui.mn-ээс харж болохоор байна.
Харин борлуулах үнэ байрлал, гаднах орчин, барилгын насжилт зэргээс хамаарч хотын төвийн оффис нэг метр квадрат нь 8-16 орчим сая төгрөг байна. Хэдийгээр Хан-Уул дүүрэг, Яармагийн суурьшлын бүс зэрэгт оффисын нийлүүлэлт эрчимтэй өсөж буй ч "А" бүс дэх оффисын эрэлтийг бууруулахгүй гэдгийг “Цаст импекс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батзориг тодотгож байсан юм.
Үүнээс гадна оффис түрээслэгчид байршлаас гадна үйлчилгээний чанарыг чухалд тооцох хандлага нэмэгдээд байгаа аж. Эрчим хүчинд хэмнэлттэй, эрүүл мэндэд ээлтэй орчин хамгийн их эрэлт, үнэ цэнийг бий болгож эхэлсэн байна.