
Зургийг: Alex Davidson/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Бүтэн марафоныг хоёр цагийн дотор дуусгасан түүхэн амжилтыг энэ оны Лондоны марафоноор нэг биш бүр хоёр ч тамирчин тогтоолоо. Нэгэн цагт санаанд буумааргүй байсан энэхүү том ялалтыг тэмдэглэх хангалттай шалтгаан Германы спорт хувцас, хэрэгсэл үйлдвэрлэгч “Adidas” компанид очиж байна.
Ням гарагт Кенийн гүйлтийн тамирчин Себастьян Саве, Этиопын гүйлтийн тамирчин Ёмиф Кежелча нар хоёулаа “Adidas”-ийн шинээр гаргасан 500 ам.долларын үнэтэй гүйлтийн гутлаар Лондоны марафоны барианы шугам дээр гишгэсэн юм.
Уралдааны эцсийн мөчид Себастьян Саве Ёмиф Кежелчаг ардаа орхиж, 42.2 километрийн зайг нэг цаг 59 минут 30 секундэд буюу өмнөх дээд амжилтаас нэг минутаар бага хугацаанд туулан барианд оров. Харин Ёмиф Кежелча анх удаа оролцсон бүтэн марафондоо тэргүүлэгчээс ердөө 11 секундийн дараа барианд орсон нь бахдам амжилт боллоо. Түүнчлэн эмэгтэйчүүдийн төрөлд Этиопын гүйлтийн тамирчин Тигст Ассефа хоёр цаг 15 минут 41 секундэд барианд орсноор өнгөрсөн онд өөрийн тогтоосон эмэгтэйчүүдийн марафоны дээд амжилтыг шинэчиллээ.
Эдгээр гурван тамирчин бүгдээрээ “Adidas” компанийн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт танилцуулсан цоо шинэ загварын "Adizero Adios Pro Evo 3" гүйлтийн гутлыг өмсөж гүйсэн байна. Стандарт хэмжээ нь ердөө 97 грамм жинтэй гэдгээрээ энэхүү загвар сүүлийн 10 гаруй жилд холын зайн гүйлтийн спортод хувьсгал авчирсан гүйлтийн гутлын төрөл дундаа хамгийн хөнгөнд тооцогдох аж.
“Энэ бол тамирчдын олон жилийн их хөдөлмөр, тууштай зүтгэлийн үр шим болохын зэрэгцээ цахиур хагалах супер гутал бүтээсэн манай инновацын багийн амжилт” хэмээн “Adidas”-ийн Гүйлтийн спортын хэлтсийн Ерөнхий менежер Патрик Нава онцолжээ.
Даваа гарагт Франкфуртын Хөрөнгийн биржийн арилжаагаар “Adidas” компанийн хувьцааны ханш 1.4 хувиар өссөн байна. Эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдлаас спорт хувцасны зах зээлд үзүүлэх нөлөөллөөс хөрөнгө оруулагчид болгоомжилж, тус компанийн хувьцааны ханш энэ он гарсаар 18 хувиар буураад байгаа юм.
“Adidas” компани сүүлийн жилүүдэд гүйлтийн хувцасны франчайзаа сэргээж, цар тахлаас хойш гүйлтийн хорхойтнууд, сонирхогчид эрс нэмэгдсэнийг давуу тал болгохыг зорьж буй.
Мөн “Samba”, “Gazelle” зэрэг түлхүү загварын зориулалттай бүтээгдэхүүнээс хамаарлаа багасгаж, спорт хувцас, хэрэгслээс гол ашгаа бүрдүүлдэг болох Гүйцэтгэх захирал Бьёрн Гулдений стратегийн нэгээхэн хэсэг болж байна.