
Зургийг: С.Батсайхан
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны цэвэр ашгаас нийт 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж, дөрөвдүгээр сарын 30-ны дотор олгохоо мэдээлээд байна. Нэгж хувьцаанд 65.55 төгрөг тооцож, 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөг олгоно. Ногдол ашгийг иргэдийн дансанд хэзээнээс шилжүүлж эхлэх нь хараахан тодорхойгүй байгааг тус компани мэдээллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн хугацаанд нийт 10.3 их наяд төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гаргасан юм.
Тус компанийн энгийн хувьцааны 26.4 хувийг эзэмшигч Монгол Улсын иргэдийн нас баралт, харьяаллын өөрчлөлт, өв залгамжлалтай холбоотойгоор хувьцааны шилжилтийг зохицуулах эрх зүйн нарийвчилсан зохицуулалт байхгүй. Үүнээс шалтгаалан 2019-2024 оны ногдол ашгаас давхардсан тоогоор 1.2 сая гаруй иргэн, 1254 аж ахуйн нэгжид хамаарах нийт 145.2 тэрбум төгрөг тараагдалгүй Төрийн сангийн дансанд байршиж буйг Үндэсний аудитын газрын тайланд мэдээлжээ.