
Зургийг: mmhi.gov.mn
Монголчуудын нэгэн “шүдний өвчин”-ийг илаарьшуулахад том дэм болох ойрын хугацааны хамгийн хүлээлттэй төсөл бол Монгол дахь анхны Газрын тос боловсруулах үйлдвэр. Гэтэл одоогийн төсвийн хуулийг мөрдөж ажиллавал газрын тос боловсруулах үйлдвэрийг 10 жилийн дараа ашиглалтад оруулах тооцоолол гарсныг Сангийн яам мэдээлэв.
Сүүлийн байдлаар 13.8 их наяд төгрөгийн гадаад зээлийг ашиглаагүй байгаагаас 6.2 их наяд төгрөг нь тус үйлдвэрт хамаарч буй аж. Гэтэл жилд дунджаар 1.3 их наяд төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөрт төлж буйг салбарын сайд тодотгосон юм. Энэ асуудлыг шийдэх зорилготой Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүд санал зөрөлдсөнөөр хэлэлцүүлэг нь энэ пүрэв гараг хүртэл завсарлаад байна. Хуулийг баталснаар хоёр төсөвтэй болох, төсвийн алдагдлыг тэлэх зэрэг сөрөг үр дагавартай гэж зарим УИХ-ын гишүүд, мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл үзэж байгаа юм.
0.5 хувийн амжилттай стратеги
Газрын тос боловсруулах үйлдвэр нь төсвийн хэтрэлт, цаг хугацааны хоцрогдолтой төслийн томоохон жишээ болж буйг Монголбанкны эдийн засагчид мега төслүүдийг төлөвлөж хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд болон олон улсын туршлагын талаарх нийтлэлдээ дурдсан байна.
Монгол дахь төслүүдэд улс төр, амбиц, ашиг сонирхол хэт оролцохын хэрээр зардал, сөрөг үр дагавар нэмэгдэж, төсөл явцдаа биш анх эхлэхдээ л бүтэлгүйтсэн байх нь олонтоо. Судалгаанд дурдсанаар том төслүүдийн дөнгөж 0.5 хувь нь л төсөв, цаг хугацаа, үр өгөөжийн амлалтаа бүрэн биелүүлдэг бол 99.5 хувь нь төсөв хэтэрч, цаг хугацаа, үр өгөөжөө алддаг гэж тооцоолжээ.
Газрын тосны үйлдвэрийн тухайд 2023 оны тооцооллоор анхны дүнгээс 34 орчим хувиар өсөөд байсан зардлын хэтрэлт нь цаашид 50 хувийг давбал нэмэлтээр 1.1 тэрбум ам.доллароос давсан гадаад зээл авах шаардлага үүсэх эрсдэл байгааг анхааруулав.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс одоогоор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт гүйцэтгэл сайтай үргэлжилж, 2026 онд явцыг 80 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна.
Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Монгол-Францын хамтарсан ураны төсөл харьцангуй чимээгүй байгаа бол зэс, гангийн үйлдвэрүүдийн төсөлд олон улсын тендер зарлаад байгаа юм.