
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Эдийн засгийн 7.2 хувийн дундаж өсөлтийг хадгалж, “Алсын хараа-2050” зорилтод хүрэхийн тулд 2035 онд нийт 1.8 сая гаруй хүн хөдөлмөр эрхэлж байх шаардлагатайг салбарын яамны судалгаанд танилцууллаа.
2035 он хүртэл хамгийн их ажиллах хүч шаардлагатай салбар нь барилга болон боловсруулах үйлдвэрлэлийн салбар байна. Барилгын салбарын хувьд 2024 онтой харьцуулахад 88.1 мянган ажиллагч, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 69.8 мянган ажиллагч шинээр шаардлагатай гэсэн тооцоолол гаргажээ.
Ажиллах хүчний оролцоо бага байхад хамгийн их нөлөөлж буй 15-24 насны залуучууд, тэр дундаа эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих тусгайлсан бодлого, хөтөлбөр боловсруулах нь чухал байгаа аж.
Хөдөлмөрийн зах зээлийн оролцоонд хүйсийн ялгааг бууруулах нь эдийн засгийн хувьд ихээхэн үр ашигтай. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 20 хувиар өсгөнө гэсэн тооцооллыг Дэлхийн Банкны судалгаанд дурджээ.
Тасралтгүй буурч буй ажиллах хүчний оролцооны түвшнийг нэмэгдүүлэхэд бодит цалинг бүтээмжтэй холбогдуулан өсгөх нь чухал. Цалингийн түвшин сүүлийн 10 жилд нэрлэсэн дүнгээр 143 хувиар өссөн боловч бодит дүнгээр 23 хувиар өссөнийг салбарын яамнаас хийсэн судалгаанд тодотгосон байна.