
Зургийг: The Times of Central Asia
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн Төрийн айлчлалын хүрээнд талууд эрчим хүчний бүтээгдэхүүний чиглэлд яриа хэлэлцээнүүд хийсний нэг нь цөмийн энергийн хамтын ажиллагаа байлаа. Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Казахстаны Атомын эрчим хүчний агентлагийн дарга Алмасадам Саткальевтай уулзаж, ураны хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд хамтран ажиллах цаашдын бололцооны талаар ярилцсаны зэрэгцээ салбарын дэд бүтэц хөгжүүлэлт болон мэргэжилтэн сургалтад туршлага солилцох талаар хэлэлцсэнийг Казахстаны эх сурвалжууд мэдээлжээ.
2024 онд тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр талууд цөмийн эрчим хүч, уран олборлолтын чиглэлд хамтран ажиллахаар болж, Казахстаны Төрийн өмчит “Kazatomprom” компани Монголын “Мон-Атом” ХХК-тай стратегийн түншлэл байгуулж байв. Хэдийгээр Казахстан шар нунтаг олборлолт, нийлүүлэлтийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг ч 1999 оноос хойш цөмийн эрчим хүчийг ашиглахаа зогсоогоод байсан юм.
Харин сүүлийн жилүүдэд тулгарах болсон эрчим хүчний хангамжийн эрсдэлүүдийг харгалзан Казахстан улс 2024 онд бүх нийтийн санал асуулгын үр дүнгийн дагуу атомын цахилгаан станц шинээр барихаар шийдвэрлэж байлаа.
Үүнээс гадна Казахстан улс 2050 он гэхэд багадаа атомын гурван цахилгаан станц ашиглалтад оруулсан байхаар төлөвлөж буйг Атомын Эрчим Хүчний Агентлагаас нь мэдээллээ.
Эхний атомын цахилгаан станцын төсөл хэдийн хэрэгжиж эхэлсэн бол хоёр дахь станцын бүтээн байгуулалт судалгааны шатандаа явааг тус агентлаг онцолсон байна. Харин гурав дахь станцад бага оврын модуляр реакторын (SMR) технологи ашиглахаар судалж буйг дурджээ.
“The Times of Central Asia”-ийн мэдээллээс харвал атомын цахилгаан станцуудын бүтээн байгуулалтаас гадна ураны нөөцөө зөв зохистой ашиглах, тоног төхөөрөмж ба цөмийн түлшний үйлдвэрлэлийг дотооддоо нутагшуулах, цөмийн эрчим хүчний судалгаа, технологийн бааз суурьтай болох зэрэг зорилтуудыг тус улс 2050 он хүртэлх цөмийн стратегидаа тусгасан аж.
Анхны атомын цахилгаан станцынх нь бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр ОХУ-ын Төрийн өмчит “Rosatom” компани шалгарсан бол дараагийн хоёр станцыг БНХАУ-ын “China National Nuclear Corporation” барихаар болжээ. Түүнчлэн Алматы хотоос баруун хойд зүгт 400 км-ийн зайд, Балхаш нуурын эрэг дээр эхний станцыг барихаар байршлыг нь тодорхойлсон аж.