logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНКУ-д хийсэн Төрийн айлчлал өндөрлөлөө
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 23 15:30
    185

    Зургийг: president.mn

    Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч 20 жилийн дараа тус улсад Төрийн айлчлал хийлээ

    Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч нар хоёр жил хүрэхгүй хугацаанд харилцан Төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илэрхийлэл болсныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолж байна.

    Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар ганцаарчлан уулзаж, албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Мөн “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцлээ.

    Хоёр улсын Ерөнхийлөгчийн түвшинд харилцан тохиролцсон асуудлууд бодит ажил хэрэг болж буйг Төрийн тэргүүн нар тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засгийн болон бусад бүх салбарт харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломж байгаа  гэдэгт санал нэгдэв. Мөн хоёр улс харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

    Хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.доллар хүргэх зорилтын хүрээнд Монголоос ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстан улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудай зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцсоноос гадна “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хамтарсан Замын зураглал гаргахаар болов. Түүнчлэн Монгол Улс газрын тосны үйлдвэрлэлээр Төв Азидаа нэгдүгээрт, дэлхийд 12 дугаарт бичигдэж буй Казахстан улсаас нэг сая тонн буюу 7.33 сая баррель газрын тос импортлохоор тохиролцлоо.

    Мөн худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хот байгуулалт, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутаг зэрэг салбарт хамтрах 18 баримт бичигт гарын үсэг зурсныг Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээлэв.

    Үүнээс гадна Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Төрийн айлчлалын хүрээнд Астана хотноо болсон “Казахстан-Монголын бизнес форум”-ын үр дүнд  Монгол Улсын аж ахуйн нэгжүүд Казахстаны талтай эхний шатанд 20 гаруй сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл хийлээ.

    Ирэх зургаадугаар сараас Казахстаны  агаарын тээврийн “Скат” компани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэхээр болсны зэрэгцээ Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг сэргээж, Баян-Өлгийд Казахстаны Консулын газар байгуулахаар тохиролцсон байна.

    Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ. Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт дэлхийн хэмжээнд хангалтгүй байгаа энэ үед Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэн, газрын доройтлыг бууруулах, ойг нөхөн сэргээхийн төлөө идэвхтэй ажиллаж байгаагаа онцлов.

    Cэтгэгдэл бичих