
Зургийг: С.Батсайхан
2026 оны эхний улиралд “Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 126 хувиар өсөж, 3.4 тэрбум төгрөг хүрснийг тайлагналаа. Тайлант хугацаанд 10.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 66 орчим хувиар өндөр дүн болж байна. Үүнд хүүгийн орлого 46.5 хувиар өссөн нь гол түлхэц болжээ.
Тус компани 2025 оны ногдол ашиг болох татварын дараах 4.9 орчим тэрбум төгрөгийг 11 мянга 339 хувьцаа эзэмшигчийн дансанд байршуулсныг мэдээлсэн юм. Тухайлбал: “Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн 66 хувийг эзэмшдэг Сангийн яам буюу улсын төсөвт 10 тэрбум төгрөгийн ногдол ашгийг шилжүүлснээ мэдээлээд буй.
2026 он гарсаар тус компани дотоодын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд "short" арилжаа нэвтрүүлэх, индексүүдэд суурилсан хөрөнгө оруулалтын сангууд бий болгох зэрэг ажлууд хэрэгжүүлж буйг онцолж болохоор байгаа юм.
Мөн энэ сарын 22-нд Хонконгт зохион байгуулагдсан “Ази, Номхон далайн орнуудын Хөрөнгийн биржүүдийн уулзалтын үеэр Монголын Хөрөнгийн бирж цаашид нүүрстөрөгчийн зах зээлийн арилжааг зохион байгуулах, энэ чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нээлттэй байгааг “Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат тодотгосон байна.
“Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн хувьцааны ханш арилжаа нээгээд 0.94 хувиар өсөж, 319 төгрөг хүрлээ. Ойрх Дорнодын дайн эхэлснээс хойш Азийн индексүүд хэлбэлзэлтэй байсны жишгийг дагаж дотоодын гол индекс савлагаатай байв. Харин дөрөвдүгээр сар гарсаар эргэн 51 мянган нэгжийн түвшинд хүрч, сэргэсэн хөдөлгөөнтэй байна.