
Зургийг: Bloomberg TV Mongolia
2026 оны I улирал банкнуудын хувьд таагүй улирал болж өнгөрлөө. Тухайлбал: Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй банкнуудын дөрвийнх нь ашиг нь буурсан үзүүлэлттэй байна.
"ХасБанк" ХК-ийн цэвэр хүүгийн орлого 7.5 хувиар өсөж, 79.7 тэрбум төгрөг хүрсэн ч цэвэр ашгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар буурч, 42.4 тэрбум төгрөг болжээ.
Сүүлийн жил гаруй хугацаанд иргэдийн зээлийг чангалсаар банкнуудын өсөлтийн гол хөдөлгүүр нь хязгаартаа тулж эхэлж байна. Үүний зэрэгцээ хадгаламжийн дүн нэмэгдсээр хүүгийн зардал өссөөр байгаа нь ашигт ажиллагааг шахаж буй аж.
Харин “Голомт банк” ХК-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 63 хувиар буурч, 44 тэрбум төгрөг хүрсэн байна. Банкны хүүгийн орлого таван хувиар өссөн бол хүүгийн зардал нь 15.5 хувиар нэмэгдсэнээр маржин нь агшжээ.
Банкнуудын ашиг буураад буй хэдий ч чанаргүй зээлийн хувь хэмжээ бага түвшинд хэвээр байгаа юм. Ялангуяа системийн нөлөө бүхий банкнуудын чанаргүй зээлийн хэмжээ дийлэнхдээ салбарын дунджаас бага түвшинд хадгалагдаж байна.
Энэ оны эцсээр инфляц одоогийн буюу Монголбанкны зорилтод түвшинд үргэлжлүүлэн хадгалагдаж, бодлогын хүүг бууруулах орон зай үүсвэл банкны салбарт томоохон хурдасгуур болж өгөх юм.