
Зургийг: timesca.com
Бүгд Найрамдах Казахстан Улс 2050 он гэхэд багадаа атомын гурван цахилгаан станц ашиглалтад оруулсан байхаар төлөвлөж буйг тус улсын Атомын эрчим хүчний агентлаг мэдээллээ.
Эхний атомын цахилгаан станц төсөл хэдийн хэрэгжиж эхэлсэн бол хоёр дахь станцын бүтээн байгуулалт судалгааны шатандаа явааг тус агентлаг онцолсон байна. Харин гурав дахь станцад бага оврын модуляр реакторын (SMR) технологи ашиглахаар судалж буйг дурджээ.
“The Times of Central Asia”-ийн мэдээллээс харвал атомын цахилгаан станцуудын бүтээн байгуулалтаас гадна ураны нөөцөө зөв зохистой ашиглах, тоног төхөөрөмж ба цөмийн түлшний үйлдвэрлэлийг дотооддоо нутагшуулах, цөмийн эрчим хүчний судалгаа, технологийн бааз суурьтай болох зэрэг зорилтуудыг тус улс 2050 он хүртэлх цөмийн стратегидаа тусгасан аж. Хэдийгээр тус улс шар нунтаг олборлолт, нийлүүлэлтийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг ч 1999 оноос хойш цөмийн эрчим хүчийг ашиглахаа зогсоогоод байсан юм.
Харин сүүлийн жилүүдэд тулгарах болсон эрчим хүчний хангамжийн эрсдэлүүдийг харгалзан Казахстан улс 2024 онд бүх нийтийн санал асуулгын үр дүнгийн дагуу атомын цахилгаан станц шинээр барихаар шийдвэрлэж байлаа.
Анхны атомын цахилгаан станцынх нь бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр ОХУ-ын Төрийн өмчит “Rosatom” компани шалгарсан бол дараагийн хоёр станцыг БНХАУ-ын “China National Nuclear Corporation” барихаар болжээ. Түүнчлэн Алматы хотоос баруун хойд зүгт 400 км-ийн зайд, Балхаш нуурын эрэг дээр эхний станцыг барихаар байршлыг нь тодорхойлсон байна.