
Зургийг: С.Батсайхан
Төсвийн зардлын өсөлт нь эдийн засгийн өсөлтийг давснаар бодит импортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны тэнцэлд нөлөөлөхөөр байгааг Монголбанкны төсвийн зардлын импортод үзүүлэх нөлөө судалгаанд онцоллоо.
Энэхүү нөлөө нь зээлийн идэвхжил өндөр үед илүү хүчтэй байгаа тул бодлого тодорхойлогчид цаашид эдийн засгийн төлөв байдлыг илүү бодитоор тооцож, түүнд үндэслэн төсвийн зардлыг батлах нь чухал болохыг тодотгож байна.
Монгол Улсын төсвийн зардлын өсөлт цар тахлын дараагаас хурдацтай өсөж, 2024 оны эцсийн байдлаар 30.4 их наяд төгрөг хүрсэн юм. Монгол шиг хөгжиж буй эдийн засагтай улсуудын хувьд төсвийн тэлэх бодлого нь эдийн засгийн өсөлтийг дэмжихээс илүү импортыг нэмэгдүүлэх магадлал өндөр байдаг. Тухайлбал: VAR загвараар хийсэн тооцооллоор нүүрсний үнийн өсөлтийн нэг хувийн эерэг нөлөө нь бодит импортын өсөлтийг 0.1-0.15 хувиар дэмжжээ. Харин дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувийн өсөлт нь 2-3 улирлын дараа бодит импортыг 0.4-0.6 хувиар нэмэгдүүлж байна. Мөн шинээр олгосон зээлийн өсөлт нь бодит импортыг нэг улирлын дараагаас өсгөж, гурван улирлын дараа дээд түвшиндээ хүрдэг.
Гадаад худалдааны нөхцөл сайжирснаар нэг улирлын дараа бодит импортын өсөлт 0.3 хувиар нэмэгдэж байгаагаас гадна төгрөгийн ам.доллартой харьцах ханш чангарч, импортыг нэмэгдүүлэх нөлөөтэйг тодорхойлжээ.
Хоёр өөр загвараар тооцоолсон үр дүнгээс харахад зээл олголтоос шалтгаалан макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн бодит импортод үзүүлж буй нөлөө харилцан адилгүй байна. Ялангуяа төсвийн урсгал зардлын өсөлт дотоодын нийт бүтээгдэхүүнийхээс хурдтай өссөнөөр шинээр олгосон зээлийн хэмжээ өндөр үед бодит импортыг илүү нэмэгдүүлэхээр байгааг тодотгожээ.