
Зургийг: unccdcop17.org
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг өнгөрсөн сард хийсэн бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар карбон зах зээл хөгжиж, ногоон санхүүжилт тэлж, уур амьсгалд ээлтэй хөрөнгө оруулалт нэмэгдэхийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан юм.
Дотоодын эрчим хүчний хэрэглээ жилд 6-8 хувиар өсөж буй энэ үед уламжлалт арга барилаас татгалзаж, илүү ухаалаг, ногоон шийдэл рүү шилжих шаардлага нэмэгдэж байгааг дурдлаа.
Одоогоор өрхийн түвшинд нарны хавтан суурилуулахад шаардагдах 9-15 шат дамжлагыг гурав болгон цөөлж, хүлээлгийн хугацааг 6-12 сар байсныг ажлын 11 өдөр болгон эрс бууруулаад байгаа юм.
Мөн “100 МВт нартай аймаг, сум” санаачилгын хүрээнд зургаан аймгийн төвд нарны станц, цэнэг хуримтлуурын систем байршуулах хамтын ажиллагааг эхлүүлжээ. Ингэснээр эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 120 мегаваттаар нэмэгдүүлж, тасалдалгүй хангамжийг бүрдүүлэх төлөвлөгөөтэй байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай энэхүү хуулийн төсөл нь дээрх санаачилгуудыг нэгтгэж, илүү системтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхийг хууль санаачлагчид онцолж буй.
Мөн дээрх хуулийн төсөл ирэх наймдугаар сард Монгол Улсад зохиогдох COP17 буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлаас өмнө батлагдсан тохиолдолд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон эрх зүйн үндэс болохыг БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир тодотгосон юм.