
Зургийг: Andrey Rudakov/Bloomberg
(Bloomberg) -- ОХУ-ын Засгийн газар ойрын жилүүдэд байгалийн хийн бүтээгдэхүүнийг Европын худалдан авагчдын төлдөг үнээс ойролцоогоор гуравны нэгээр хямдаар БНХАУ-д нийлүүлнэ гэж тооцоолж байна. Өөрөөр хэлбэл Азийг чиглэсэн энэхүү бодлого барууны дийлэнх зах зээлээ алдаад буй ОХУ алдагдлаа бүрэн нөхөж чадахгүй байгааг харуулж байгаа юм.
Тус улсын Засгийн газрын дотоод эх сурвалжуудын мэдээлснээр БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх ОХУ-ын үнэ энэ онд нэг мянган шоо метр тутамд дунджаар 258.80 ам.доллар байхаар байна. Энэ нь Европт үлдсэн цөөн худалдан авагчдад санал болгож буй дундаж үнээс 38 хувиар бага ханш аж.
Дээрх үнийн зөрүү ойрын гурван жилийн хугацаанд аажмаар багасах боловч 2029 он гарсан ч 27 хувиас дээгүүр түвшинд хадгалагдахаар байгааг тодотгожээ.
ОХУ-ын Сангийн яамны дата үзүүлэлтээс харахад өнгөрсөн онд БНХАУ-д худалдаалах байгалийн хийн үнийг мянган метр куб тутамд дунджаар 248.7 ам.долларт барьсан байна. Энэ нь Европын орнуудтай харьцуулахад 38 хувиар хямд тусжээ. БНХАУ-д нийлүүлэх хийн үнэ Европтой харьцуулахад хямд байдаг нь Азийг байгалийн хийгээр хангаж буй ордууд хэрэглэгчдэдээ илүү ойр байрладагтай холбоотой гэж “Gazprom”-ийн Гүйцэтгэх захирал тодотгосныг “Interfax” мэдээлж байсан юм.