
Зургийг: president.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол Улс тус улсаас нэг сая тонн газрын тос импортлох тухай санамж бичиг байгуулжээ. Ингэснээр газрын тосны хайгуул, олборлолт, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлт логистик болон газрын тос боловсруулах салбарт хамтран ажиллах боломж нээгдэж буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо.
Мөн Казахстаны компаниудыг Монголд газрын тосны хайгуул хийх боломжоор хангах зэрэг асуудлууд хэлэлцсэнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд тодотгосон байна.
Үүнээс гадна айлчлалын үеэр хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чиглэсэн Төрийн байгууллага, аж ахуйн нэгж хоорондын 18 санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улс, Казахстан улсын худалдааны нийт эргэлт өнгөрсөн онд 58 сая ам.доллар байсныг 500 сая ам.доллар хүргэх зорилтын хүрээнд Монгол Улсаас ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстан улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудай зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.
Мөн Монгол, Казахстаны хооронд агаарын тээврийн харилцааг эрчимжүүлж, хоёр улсыг холбосон нэгэн шинэ гарцыг нээлээ. Тодруулбал: “Хүннү Эйр” компани Улаанбаатар - Алматы чиглэлд тогтмол нислэг үйлдэж байгаа бол ирэх зургаадугаар сараас Казахстаны агаарын тээврийн “Скат” компани Улаанбаатар - Астана чиглэлд шууд нислэг үйлдэхээр болжээ. Ингэснээр хоёр улсын иргэд харилцан зорчих урсгал, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт нэмэгдэж, аялал жуулчлалын салбар хөгжихийн зэрэгцээ бизнесийн таатай орчин бүрдэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Түүнчлэн Монгол Улсын Төв банк болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банк хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь санхүүгийн зах зээлийг хөгжлийн ашиг сонирхолд нийцүүлэн Төв банк хооронд урт хугацаанд тогтвортой хамтын ажиллагааг бий болгох эрх зүйн суурь орчныг бүрдүүлэх зорилттой аж.