
Зургийг: Apple
(Bloomberg) -- Мягмар гарагт "Apple Inc." урт удаан хугацаанд тус компанийг удирдсан Тим Кукийг Жон Тернус залгамжлахаар болсныг зарлахдаа Калифорни мужийн Купертино дахь компанийн төв байрны гадаа хоёр захирлын хамт алхаж буй зургийг нийтэлсэн юм.
Тэд хоёулаа ихэр юм шиг хар хөх цамц, хөх жинсээр ижилсэж, гартаа “Apple Watch” зүүж, хоорондоо инээлдэн ярилцаж байлаа. "Apple"-ийн техник хангамжийн захирал Жон Тернус Гүйцэтгэх захирлын албан тушаалын залгамж чанарыг хадгалж, Тим Кукийн ажил хэргийг үргэлжлүүлнэ гэсэн санааг дээрх зургаар илэрхийлсэн нь тэр байв.
Хэдий тийм боловч Жон Тернус ирэх есдүгээр сард албан тушаалаа хүлээн авахдаа нэгэн сорилттой тулгарахаар байна. "Apple"-ийн босгосон эзэнт гүрэн, жилийн 400 тэрбум ам.долларын орлогыг хэвээр авч явах нь хангалтгүй. Боломжийг алдалгүй ашиглах, шинэ бүтээгдэхүүний зах зээлд орох, хиймэл оюуны салбарт компаниа хөл дээр нь тогтоох шаардлага түүнд тулгарна.
Эдгээрийн аль нь ч хялбар биш байх бөгөөд чухам “өөрөөр сэтгэх” чадвар л "Apple" компани хиймэл оюуны эринд мандан бадарсан хэвээр байх эсэхийг шийдэх юм.
“Сүүлийн үед "Apple"-ийн шигдчихээд байгаа аажуу тайван, алхам алхмаар хийх бодлогыг Жон Тернус сөрөх ёстой. Албан тушаалаа хүлээн аваад "Apple"-ийн өнгөрсөн үеийг хамгаалдаг шигээ гал цогтойгоор компанийнхаа ирээдүйг тодорхойлох хэрэгтэй” хэмээн "Forrester Research Inc."-ийн шинжээч Дипанжан Чаттержи онцолж байна.
Хурдтай хөдлөхүй
Амжилтад хүрэхийн тулд Жон Тернус үйл ажиллагааны сахилга бат, хүлээцтэй тайвнаар удирдах ухаан зэрэг одоо бүтэж байгаа зүйлсээ тэр хэвээр нь хадгалахын сацуу Тим Кукийн эрин үеийг тодорхойлсон зөвшилцөл суурьтай шийдвэр гаргалтаас ангижрах шаардлагатай болно. Мөн тэрбээр хурдтай ажиллаж, "Apple"-ийн хиймэл оюуны өрсөлдөх чадварыг хурцалж, олныг байлдан дагуулах шинэ бүтээгдэхүүнүүд гаргасаар байх хэрэгтэй юм.
Тим Кукийн үед компани “Apple Watch”, “AirPods”, “Vision Pro” шинэлэг сайн бүтээгдэхүүн цөөнгүй гаргасан ч амжилтын хувьд алаг цоог байлаа. Ухаалаг цаг, утасгүй чихэвч нь үлэмж амжилтад хүрсэн ч хоёулаа өмнөх удирдлага, инженерчлэлийн багийн гол гишүүд компанид ажилласан хэвээр байх үед бүтээгдсэн юм.
Харин жинхэнэ хувьсгал авчирна гэж Тим Кукийн хараачилж байсан “Vision Pro” 10 гаруй жилийн хөгжүүлэлт, олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг үл харгалзан бүтэлгүйтсэн. "Apple" мөн жолоочгүй автомашины төсөлдөө 10 тэрбум ам.доллар зарцуулсан ч хожим тус төслөө бүрэн орхиж байлаа. Эдгээр бүтэлгүйтсэн санаануудын аль алинд нь Жон Тернус хянамгай хандаж, зарим үед бүр эсэргүүцэж байжээ.
Өдгөө 50 настай Жон Тернусын онцгойрдог талбар бол гүйцэтгэл. "Apple" компани “iPhone”, “iPad”, “Mac”, “Apple Watch” зэрэг бүтээгдэхүүнийхээ шинэ хувилбарыг жил бүр тогтвортой гаргах нөхцөлийг бүрдүүлж өгч, хажуугаар нь техник хангамжийн чанар, бат бөх байдал, хүчин чадлыг тогтмол сайжруулж байсан нь Жон Тернусын олон жил ажиллахдаа гаргасан гол гавьяа юм.
Мөн хэрэглэгчдэд үнэ цэнтэй мэдрэмж өгөх "Apple"-ийн тогтсон арга барилыг эвдсэн бүтээгдэхүүн болох “MacBook Neo”-ийн цаана байсан эрхэм бол Жон Тернус. Тэрбээр залуу үеийнхний сонирхлолд илүү нийцэх хямд үнэтэй, зөөврийн компьютер гаргахыг компанидаа ятгаж чаджээ. Түүний зөн совин үнэн байж, өнгөрсөн сард танилцуулсан 599 ам.долларын үнэтэй, өнгөлөг дизайнтай “MacBook Neo” хэрэглэгчдийн таашаалд ихээр нийцэж, төд удалгүй зарагдаж дууссан байна.
Одоо тэрбээр "Apple"-ийг хоёр шинэ зах зээлд удирдан чиглүүлэхээр байна. Хиймэл оюунаар ажилладаг ухаалаг гэрийн төхөөрөмжүүд болон биедээ зүүх “wearable” төхөөрөмжүүд нь технологийн аварга тус компанийн тэлэхээр төвлөрч буй хоёр гол талбар юм.
Шийдвэр гаргах хэв маяг
"Apple"-ийн хувьд Жон Тернус компанийн үүсгэн байгуулагчдын нэг Стив Жобстой адил илүү шийдэмгий арга барилаар удирдана гэж найдлага тавьж байна. Удаан хамт ажилласан нөхөд нь түүнийг яг таг, тодорхой шийдвэр гаргаж чаддаг нэгэн гэж тодорхойлдог. Энэ нь хамтын санаа, зөвшилцөлд илүү суурилсан шийдвэр гаргадаг Тим Кукийн арга барилаас ялгаатай.
“Бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр Жон Тернус бол шууд шийдвэр гаргадаг. Хэрэв Тим Кук дээр очоод A юу Б юу гэж асуувал тэр сонгохгүй. Оронд нь өөрөө олон асуулт асууна. Харин Жон Тернус бол аль нэгийг нь сонгоно. Буруу ч байж болно, зөв ч байж болно, гол нь шийдвэр л бол шийдвэр” хэмээн хоёр захиралтай ойр ажиллаж байсан нэгэн эрхэм ярьжээ.
Тиймээс энэхүү шилжилт нь "Apple"-ийн томоохон бүтээгдэхүүний шийдвэрийг топ удирдлагаас бүрдсэн цөөн хүнтэй бүлэг хамтдаа гаргадаг байсан эрин үед цэг тавьж магадгүй. Жон Тернусын хувьд өөрөө ганцаараа шийдвэр гаргадаг илүү төвлөрсөн арга барилаар ажиллах төлөвтэй.
Харин ажлаа хүлээлгэн өгөх Тим Кук компанидаа Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар үлдэх бөгөөд Засгийн газруудтай тогтоох харилцаа, геополитикт төвлөрөн ажиллахаар байна.
Жон Тернус есдүгээр сард ажлаа нэлээд эрчтэй эхлүүлэх нь. "Apple" бүтээгдэхүүнийхээ түүхэн дэх хамгийн том өөрчлөлтүүдийн нэг болох анхны нугардаг “iPhone”, цоо шинэ “Siri” туслахаа танилцуулах тэр үед Жон Тернус компанийг удирдаж байх юм.