
Зургийг: Bloomberg
Олон улсын хэмжээнд SDG бонд буюу ногоон бонд гаргалт хоёрдугаар сард буураад байсан бол гуравдугаар сард эргэн эрчимжиж, 159 тэрбум ам.доллар хүрснийг “BNEF” тооцооллоо.
Тайлант хугацаанд нийт баталгаажсан бонд гаргалт 24 хувиар өссөн нь гол түлхэц болсон байна. Харин бусад төрлийн тогтвортой хөгжлийн бондын хэмжээ өмнөх сартай харьцуулахад зургаан хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Европ болон АНУ-ын зах зээл дэх өндөр шимтгэлээс үүдэн, шинээр гаргаж буй бондын хүү ердийнхөөс 1.4 суурь нэгжээр өндөр тогтоогджээ. Өнгөрсөн сард “BNP Parabis” компани нийт 4.6 тэрбум ам.долларын дүнтэй тогтвортой хөгжлийн бондод андеррайтераар ажилласнаар салбартаа тэргүүлж байна.
Мөн корпорац болон санхүүгийн байгууллагуудын тогтвортой бондын арилжаа өнгөрсөн сард 12 хувиар унаснаар сүүлийн хоёр сар дараалан буурсан үзүүлэлттэй гарчээ.
Тайлант хугацаанд Засгийн газруудын тогтвортой хөгжлийн бонд гаргалт 2024 оны тавдугаар сараас хойших дээд түвшинд хүрсэн байна. Тухайлбал: Их Британи, Герман, Австри, Япон зэрэг улс бонд санал болгожээ.
Харин хамрах хүрээгээр нэгтгээд харвал Америк тивээс нийт 68 тэрбум ам.долларын тогтвортой хөгжлийн бонд гаргасан нь үнийн дүнгээр тэргүүлж байна. Үүний 82 хувийг баталгаажсан үнэт цаас эзэлж байгаа аж.