
Зургийг: president.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар дөрөвдүгээр сарын 20-23-ны өдөр тус улсад Төрийн айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийхээс гадна Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Парламентын дарга, Ерөнхий сайд нар бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцоно. Мөн талууд хоёр улсын эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар байна.
Үүнээс гадна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцохыг Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээллээ.
1991 оны 12 дугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо зарласан Бүгд Найрамдах Казахстан Улс нь Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь таван жил байсныг 2022 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр долоон жил болгожээ. Касым-Жомарт Кемелевич Токаев нь 2022 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчөөр долоон жилийн хугацаатай дахин сонгогдсон байна.
Бүгд Найрамдах Казахстан Улс 20 гаруй сая хүн амтай, нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд есдүгээрт ордог. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 300 тэрбум ам.доллар бөгөөд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 14,700 ам.доллар. Эдийн засгийн гол салбар нь байгалийн хий, газрын тос, уул уурхайн бусад олборлолт, машины үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан.
Газрын тосны хэмжээгээрээ дэлхийд 12, чулуун нүүрсний нөөцөөр есдүгээрт, уран, вольфрамын нөөцөөр тэргүүлдэг бол хром, фосфорын нөөцөөр хоёрдугаарт, тугалга, молибдены нөөцөөр дөрөвдүгээрт бичигддэг.
Казахстаны гадаад худалдааны нийт эргэлт өнгөрсөн онд 144 тэрбум ам.доллар, үүнээс экспорт нь 80 тэрбум, импорт нь 65 тэрбум ам.доллар болжээ.
Хар болон өнгөт металл, хүдрийн түүхий эд, түлш, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн экспортолж, машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортоор авдаг аж.
Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд 58 сая ам.доллар давсан нь 2024 онтой харьцуулахад 7.2 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Монгол Улс Казахстанд хүнсний бүтээгдэхүүн, адууны мах, ноос, ноолууран бүтээгдэхүүн, хивс, хивсэнцэр, транзит автомашин нийлүүлж, тус улсаас гурилан бүтээгдэхүүн, чихэр, жимс, цагаан будаа, тамхи, коньяк зэргийг импортолдог байна.
Казахстан улсын 100 хувийн болон хамтарсан хөрөнгө оруулалттай 74 аж ахуйн нэгж Монгол Улсад бүртгэлтэй байгаа аж.
Казахстаны 575 иргэн Монгол Улсад оршин суух эрхтэй байгаа бол тус улсад 4000 гаруй монгол иргэн оршин суух эрхтэй байна. 2019 оноос хойш Казахстаны Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 25 монгол оюутан суралцдаг болсон бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд бакалавр, магистрын түвшинд 11 оюутан, 2025-2026 оны хичээлийн жилд 22 оюутан элсэн суралцаж байна. Өнгөрсөн онд Казахстанаас 24 мянга гаруй хүн Монгол Улсад, мөн тооны монгол иргэн Казахстанд зорчсныг Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээлэв.