
Зургийг: itchybootstravel/Instagram
“YouTube”-д "Itchy Boots" хэмээх сувгаар аяллын контентуудаа нийтэлдэг Нидерландын аялагч, адал явдал хайгч Норали Шёнмакерийн Монгол орныг мотоциклоор хөндлөн гулд туулсан цувралыг бараг долоон сая хүн үзэж, тус платформ дахь одоогоор хамгийн их хандалттай аяллын влогуудын нэгд багтаад байна.
Тэрбээр энэхүү аяллын цувралаа Турк улсаас эхлүүлж, Өмнөд Ази, Төв Азийн орнуудаар дамжин БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө засах орныг бүтэн туулсны дараа Монгол Улсын баруун хилээр нэвтрэн Ховд, Увс, Завхан, Архангай аймгуудын нутгаар аялжээ. Монгол дахь цуврал нь одоо үргэлжилж байгаа бөгөөд ням гараг бүр цацагддаг шинэ анги тус бүр нь 1-1.6 сая хүртэлх үзэлт цуглуулсан байна. Сүүлийн байдлаар "Itchy Boots" сувгийн нийт дагагчдын тоо 3.3 сая, бүх контентын нийт үзэлт 775.8 сая хүрчээ.
2018 оноос эхлэн дэлхийг мотоциклоор тойрох аялалд гарсан Норали Шёнмакер өдгөө 70 гаруй улсаар аялж, 190 мянган км зам туулаад байгаагаа сошиал хуудастаа онцолжээ. Мөн тэрбээр 2025 онд өмнөх аяллын тэмдэглэлүүдээрээ "Free Ride" нэртэй ном хэвлүүлсэн нь “New York Times” сонины бестселлер бүтээлүүдийн жагсаалтад багтсан байна.
Өргөн уудам, хүн ам сийрэг, байгалийн олон янз байдлыг цогцлоосон Монгол Улсад адал явдалт аялал жуулчлалын эрэлт нэмэгдэхэд алдартай аялагчдын энэ төрлийн контентууд дорвитой дэмжлэг үзүүлэхээр байна. 2019 онд Их Британийн алдарт "Top Gear" цуврал шоуны одууд болох Жереми Кларксон, Жэймс Мэй, Ричард Хэммонд нар "The Grand Tour" шинэ цувралынхаа нэг ангийг Монголд бэлтгэсэн нь олон улсын үзэгчдийн таашаалд ихээр нийцэж байлаа.