
Зургийг: gobi.mn
“Говь” ХК-ийн I улирлын борлуулалтын орлого нь 13.3 хувиар өсөж, 43.4 тэрбум төгрөг хүрснийг Монголын Хөрөнгийн биржид тайлагналаа.
Өнгөрсөн онд тус компани хэлбэрээ өөрчлөн хаалттай болохоор шийдвэрлэсэн ч тэрхүү үйл ажиллагааг Санхүүгийн Зохицуулах Хорооноос зогсоож, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулсны дараа хувьцааны бодит үнэлгээ хийлгүүлэх үүрэг даалгаврыг хүргүүлж байв. Үүний дараа “Говь” ХК 2019 оноос хойш анх удаа ашигтай ажилласан жилийн тайлангаа нийтэлсэн юм.
Энэ оны эхний улиралд тус компанийн алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеэс хоёр дахин буурч, гурван тэрбум төгрөг болсон байна. Гол зардлуудын хувь дийлэнх нь өөрчлөлтгүй, өмнөх оны түвшинд хадгалагджээ.
2025 онд тус компани 203.3 сая төгрөгийн цэвэр ашигтай, 246.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байв. Гэхдээ тус компанийн эздийн өмч хасах руу орсон нь хэдий ашигтай ажилласан ч энэ онд санхүүгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгааг харуулсан юм. Сүүлийн жилүүдийн алдагдал нь хуримтлагдсаар 30 орчим тэрбум төгрөг хүрсэн нь үүний гол шалтгаан болжээ.
Түүхэн мэдээллээс харахад жилийн эхний хагаст компанийн борлуулалт харьцангуй удаан байдаг бол сүүлийн хагаст аялал жуулчлал эрчимжсэнээр бараг хоёр дахин илүү борлуулалт хийдэг байна. Иймд хөрөнгө оруулагчид тус компанийн энэ оны сүүлийн хагас жилийн үзүүлэлтүүд болон ашигт ажиллагаагаа үргэлжлүүлж чадах эсэхийг анхааралтай ажиглахаар байна.