
Зургийг: ParliamentMN
УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн (IV/23, 24) нэгдсэн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ.
Хуулийн төсөл найман бүлэг, 29 зүйлтэй бөгөөд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, тогтолцоог сайжруулах, чиг үүргийг шинээр тодорхойлох, санхүүгийн бие даасан байдлыг хангахтай холбоотой зохицуулалтууд тусгажээ.
Мөн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Мега төслүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлд шаардлагатай Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээс гадна Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Үүнээс гадна 1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Энэхүү хуулийн хүрээнд Төрийн өмчит компаниудад онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилж буй. Хуулийн хэрэгцээ өнөөгийн эдийн засгийн бодит нөхцөлд нийцэхгүй гэж үзэж УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өргөн барьсан юм.
Мөн Улаанбаатар хотын газар олголт болон эрүүл мэндийн санхүүжилттэй холбоотой асуудлуудаар Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.