
Зургийг: erdene.com
Монгол болон Канадын Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development Corp.” компанийн хувьцааны одоогийн ханш бодит үнэ цэнээсээ доогуур үнэлэгдсэн гэж Апекс Капитал ҮЦК дүгнэж, тус компанийн хувьцааг “авах” (buy) дохио өгсөн байна.
Алтны ханшийн өсөх, буурах, тогтворжих хөдөлгөөнд суурилсан хувилбаруудаар тооцвол нэгж хувьцааны ханш нь 7.13-10.12 канад доллар хоорондох түвшинд хүрэх боломжтой гэж Апекс Капитал ҮЦК “Bloomberg Terminal”-д нийтэлсэн “Erdene Resource Development Corp.”-ийн хувьцааны шинжилгээндээ үнэлжээ.
Харин алтны ханш тогтвортой байх үеийн буюу суурь хувилбараар 8.63 канад доллар гэж үнэлсэн нь Торонтогийн бирж дэх “Erdene Resource Development Corp.”-ийн дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хаалтын ханшнаас бараг 30 хувийн өсөлттэй дүн болж байна.
Тус компани “Баян Хөндий” алтны төслийнхөө олборлолт ба борлуулалтыг 2025 оны III улиралд эхлүүлж, хөгжүүлэлтээс үйлдвэрлэл рүү шилжсэн нь хувьцааны төлөвийг “бух” чиг хандлага руу оруулах гол шалтгаан болсон байна. Хайгуулын цэвэр эрсдэлийн шатыг давж бодит мөнгөн урсгал бий болгож эхэлсэн тул энэхүү шилжилт маш чухал болохыг шинжилгээнд онцолжээ.
Үүнээс гадна төслийн үйл ажиллагааны онцлог нь өөрөө том давуу тал болж буй. “Баян Хөндий” нь алтны 464.9 мянган унц, мөнгөний 220.5 мянган унц батлагдсан ба магадалсан нөөцтэй, ордын дундаж агуулга тонн тутамд 3.8 грамм байгаа нь алтны ил уурхайд ховор тохиох өндөр үзүүлэлт. Иймд металл авалтын хувь харьцангуй өндөр, компани өрийн ачаалал багатай байгаа нь цаашид олборлолт нэмэгдэх тусам ашигт ажиллагаа нь сайжрах магадлалтайн дохио болохыг дурдсан байна.
Мөн “Erdene Resource Development Corp.”-ийн нэг унц олборлох зардал 869 ам.доллар байгаа нь ижил төстэй компаниудынхаас харьцангуй бага үзүүлэлт аж. Эдгээрт үндэслэн Апекс Капитал ҮЦК “Erdene Resource Development Corp.”-ийн хувьцааг “undervalued” хэмээн үнэлж, таваас дээш жилээр урт хугацаанд хөрөнгө оруулахад тохиромжтой гэж зөвлөсөн ч олборлолтын саад, өртгийн өөрчлөлт, алтны үнийн хөдөлгөөнд эмзэг байдал зэрэг уул уурхайн түгээмэл эрсдэлүүдэд өртөх боломжтойг мөн анхааруулжээ.