
Зургийг: С.Батсайхан
Гаднын зээлээр хэрэгжиж буй томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажил Төсвийн тухай хуульд заасан хэмжээ хязгаараас шалтгаалан удааширч байгааг Сангийн сайд З.Мэндсайхан тодотголоо.
Энэ оны байдлаар 13.8 их наяд төгрөгийн гадаад зээлийг төсвийн тухай хуулиас шалтгаалан ашиглаж чадаагүй ч хүүг нь төлж байгаа аж. Ингэснээр төслүүд хугацаандаа ашиглалтад орохгүй, цаашлаад төсөвт өртөг нь нэмэгдэх, эдийн засгийн өгөөж хойшлох зэрэг эрсдэлүүд гарч байна. Тиймээс гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм.
Хуулийн төсөлд Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ дэд төвийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийн гадаад зээлийн санхүүжилтийн ашиглалтын зардлыг төсвийн хуульд заасан хүрээ хязгаар, төсвийн алдагдалд тооцохгүй байхаар тусгажээ.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хийх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг ажлын нэг өдрийн завсарлага аваад буй.
Мега төслүүдийн санхүүжилтийг хуульд заасан хүрээ хязгаарт хамааруулахгүй байх нь төсвийн алдагдал тэлэх зэрэг томоохон эрсдэл дагуулах магадлалтай тул байр сууриа нэгтгэх шаардлагатай гэж үзэж байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн 1.7 тэрбум ам.долларын зээлээр санхүүжүүлж байгаа бөгөөд 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй ч нэг тэрбум орчим ам.долларын санхүүжилтийг зарцуулж чадаагүй байгааг мэдээлж байсан юм.