
Зургийг: С.Батсайхан
Оны эхний улиралд нийт 2.4 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн Монголын Хөрөнгийн биржээр арилжаалагдаад байна. Үүнээс гуравдугаар сард 907 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн нь энэ оны хамгийн өндөр нэг сарын үзүүлэлт боллоо. Дундаж үнийн өсөлт 11.7 хувьтай тэнцэж байгаа нь арилжааны дүнд дэмжлэг болж байна.
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас үүдэн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, БНХАУ нүүрс нөөцөлж эхэлсэн юм. Тоон үзүүлэлтээс харвал энэ оны эхний хоёр сарын байдлаар 1.6-1.8 сая тонн нүүрс арилжаалаад байсан бол гуравдугаар сард 2.8 сая тонн болж, эрс нэмэгдлээ.
Өнгөрсөн оны мөн үед нүүрсний үнэ уналтад орж, Монголын Хөрөнгийн биржид уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа бараг явагдахгүй хэмжээнд хүрээд байсан бол энэ онд ийнхүү сэргээд байна.
Үүнээс гадна оны эхний хоёр сард нийт 16 мянган тонн зэсийн баяжмал 160 тэрбум төгрөгөөр арилжаалагджээ. Харин гуравдугаар сард зөвхөн нүүрс болон төмрийн хүдрийн арилжаа амжилттай хийгдсэн байна.
Түүнчлэн төмрийн хүдрийн арилжаа саарч байгаа аж. Тухайлбал: нэгдүгээр сард 1.1 сая тонн төмрийн хүдэр арилжаалаад байсан бол гуравдугаар сард 79 мянган тонн болж буурчээ.