
Зургийг: С.Батсайхан
Дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт 14 хувьтай буюу 480 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгосныг Сангийн яам мэдээллээ. Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт зөвхөн өмнөх оноос үргэлжлэн хэрэгжиж буй төслүүдэд санхүүжилт олгогдсон, шинээр хэрэгжих төслүүдийн санхүүжилт хараахан олгогдоогүй.
Шинэ төслүүдийн тендер зохион байгуулах явц 20 орчим хувьтай байгаа бөгөөд шинэ төслийн 10 хувьд нь тендер огт зарлаагүй байна. 738 төслийн 296 шинэ төслийг нийт 1.3 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 11 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, 738 төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний 2026 онд санхүүжих дүнг 3.2 их наяд төгрөгөөр баталсан байна.
2022 онд баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуульд тухайн онд хэрэгжүүлэхээр баталсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг тавдугаар сарын 31-ний дотор зохион байгуулж дуусгахаар заажээ. Хугацаандаа амжаагүй бол санхүүжилт олгохгүй, төсвийн хэмнэлтэд тооцдог зохицуулалттай аж.
Өнгөрсөн онд 535 тэрбум төгрөг хэмнэлтэд тооцогдсон ба энэ хүрээнд эмнэлгийн зарим тоног, төхөөрөмж, сургууль, цэцэрлэгийн тавилга зэргийн санхүүжилт татагдсанаар шинэ хичээлийн жил эхлэхэд зарим сургууль ширээ сандалгүй байх нөхцөл үүссэн юм.
Энэ онд улсын хэмжээнд сургуулийн 156 төсөл хэрэгжиж байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй сургуулийн 89 төсөл байгаагийн 13 нь 2026 онд шинээр хэрэгжиж буй.
Ойрын таван жилд эн тэргүүнд боловсрол, зам тээвэр, эрчим хүч, хот байгуулалтын салбарт төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ их байгааг Сангийн яам тодотгож байна. Энэ хүрээнд 108 сургууль, 95 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Эрүүл мэндийн салбарт нарийн мэргэжлийн тоног, төхөөрөмжүүдэд хөрөнгө оруулалт илүү зарцуулах шаардлага байгааг мэдээллээ.