logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Ойрх Дорнодын дайны "ачаар" ОХУ-ын газрын тосноос олох ашиг өссөөр байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 17 09:00
    375

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    ОХУ Ойрх Дорнодын дайнаас ашиг хүртэж буй ч газрын тосны дэд бүтцэдээ Украинаас цохилт амссан хэвээр байна

    (Bloomberg) -- Ойрх Дорнодын дайн газрын тосны үнийг өсгөснөөр ОХУ түүхий газрын тосных нь эрэлт, экспортын татвараас их хэмжээний тооцоолоогүй ашиг олох болжээ.

    Тус улсын баруун хилийн боомтуудаар гардаг гол төрөл болох “Urals” газрын тосны хил үнэ дөрөвдүгээр сарын эхний 13 хоногт баррель нь дунджаар 106.30 ам.доллар байсныг “Argus Media”-ийн дата харуулж байна. Энэ нь зөрчил ширүүсэж, газрын тосны үнэ хэдийн огцом өсөлттэй байсан гуравдугаар сарын дунджаас 42 хувиар өндөр үнэ юм.

    Ормузын хоолой хаагдсан нь Ойрх Дорнодын эрчим хүчний нийлүүлэлтийг саатуулж, дэлхийн зах зээлийг доргиосон энэ үед дайны “чимээгүй” ялагчаар ийнхүү Москва тодорч байна. ОХУ-ын 2026 оны төсөвт баррель нь 59 ам.доллар байхаар тусгасан “Urals” төрлийн газрын тосны үнэ тэнгэрт хадсан тул өнгөрсөн сард тус улсын Засгийн газар төсвийн зарцуулалтаа нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.

    unnamed.jpg

    ОХУ газрын тосны экспортын татвараа “Urals”-ийн зах зээлийн ханшаас нэг сарын хоцрогдолтой тооцдог тул гуравдугаар сарын огцом өсөлтөөс төсвийн орлогод нь үзүүлэх нөлөөлөл энэ сараас эхэлнэ гэсэн үг юм. Түүнчлэн ханшийг рублиэр тооцдог учраас одоогийн нөхцөлд улам давуу талтай.

    Гуравдугаар сард “Urals” газрын тосны дундаж борлуулах үнэ 6191 рубль хүрч өссөн байна. Хэрэв дөрөвдүгээр сард одоогийн өсөлттэй үнэ нь хадгалагдаж, рублийн ханш тогтвортой байна гэж үзвэл “Urals” тосны энэ сарын дундаж үнэ баррель нь 8300 рубль болж өсөхөөр байна. Энэ нь 2022 оны гуравдугаар сард ОХУ Украинд бүрэн хүчээр довтолсноос хойших дээд түвшин болох юм.

    “Urals”-ийн жилийн дундаж үнийн нэг ам.долларын өсөлт тутамд тус улсын татварын орлого 150 тэрбум рубль буюу хоёр тэрбум орчим ам.доллароор нэмэгдэхийг Москва дахь “Finam”  байгууллагын эдийн засагч Ольга Беланкая онцолжээ. Тиймээс зөвхөн дөрөвдүгээр сард ОХУ-ын газрын тос, байгалийн хийн салбараасаа олох орлого 900-950 тэрбум рубль хүрэх тооцоо гарсан байна. Хэдийгээр тус улс Ойрх Дорнодын дайнаас ашиг хүртэж буй ч газрын тосны дэд бүтцэдээ Украинаас цохилт амссан хэвээр байгаа юм.

    “Боомт, эрчим хүчний дэд бүтцэд нь учирсан хохирлыг харвал ОХУ ойрын хугацаанд олборлолтоо I улирлын эхэн үеийн түвшнээс давуулахад хүндрэлтэй тулгарч магадгүй” хэмээн Олон Улсын Эрчим хүчний Агентлаг тайландаа дурджээ.

    Cэтгэгдэл бичих