
Зургийг: ParliamentMN
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг, ХҮН нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам хуулийн төсөлд Парламентын дархлааг сулруулах заалтууд багтсан гэж үзэж, дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлээд байна. Хэдий тийм боловч Ардчилсан намын бүлгийн зарим гишүүн өөрсдийн итгэл үнэмшлээр санал хураалтад оролцож болохыг бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлсэн юм.
Монгол Ардын намын бүлгийн хувьд нэгдсэн байр суурь илэрхийлээгүй, гишүүд өөрсдийн үзэл баримтлалаар дэмжих эсэхээ шийдвэрлэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуулийн төслийн талаар байр суурь илэрхийллээ. Тэрбээр “Монгол Улсын Парламент хүчтэй, дархлаатай, Монгол Төрийн босго өндөр байгаасай гэж бодож, ард түмнийхээ захиалгаар энэ хуулийн төслийг өргөн барьсан”-аа мэдэгдлээ.
Мөн “Төрд тэрсэлсэн, ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлдэггүй, ажилдаа ирдэггүй, ард түмнээ доромжилдог этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой. УИХ ард түмнээс эх сурвалжтай юм бол энэ хуулийг хэлэлцэж батлах ёстой. Батлах хүртэл нь хуулийн хүрээнд өргөн барьж ажиллана" гэж онцолсон юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын Парламент хүчтэй, дархлаатай, монгол төрийн босго өндөр байгаасай гэж бодож, ард түмнийхээ захиалгаар энэ хуулийн төслийг өргөн барьсан. Төрийн тэргүүний хувьд ёс зүй сахилга хариуцлагын асуудал тавьж байна. Хэн нэгнийг хэлмэгдүүлж шийтгэх гэсэнгүй. УИХ ард түмнээс эх сурвалжтай юм бол энэ хуулийг хэлэлцэж батлах ёстой. Батлах хүртэл нь хуулийн хүрээнд өргөн барьж, ажиллана.
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ
Хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хувьд дэмжихгүй. Тодорхой тооны өөр байр суурьтай гишүүд итгэл үнэмшлээрээ оролцож болно. УИХ-ыг ямар ч дархлаагүй болгох үзэл санаа хуулийн төсөлд бий. Монгол Улсын Парламентын тогтолцооноос ухарсан, монгол хүний эрх, эрх чөлөө баталгаагүй болно гэж үзэж байна.
МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ
Хуулийн төслийн талаар гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа. Гишүүдийн үзэл бодлоо илэрхийлэх үйл явцад бүлгээс хайрцаглалт хийх хэрэггүй.
ХҮН НАМЫН ЗӨВЛӨЛ
Парламентын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх гээд дархлаагаа сулруулах заалтууд орсон учраас одоо өргөн барьсан агуулгын хүрээнд хэлэлцэхийг дэмжихгүй. Харин Үндсэн хуулийн агуулгад нийцүүлээд, УИХ-ын гишүүд өргөсөн тангаргаасаа няцсан, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол эргүүлэн татах процессыг нарийвчлан тусгавал хэлэлцээд батлах нь зөв.
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ
Парламентын дархлаа, ард иргэдийн сонголт, ардчиллыг хамгаалах байр суурь дээр нэгдмэл байгаа учраас Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжихгүй.
ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг зохицуулалт байх нь зүйтэй ч Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг дэмжихгүй. Эрх баригч намын дотоод зовлонг шийдэхийн төлөө хуулийн зүйл заалт өөрчилж, олонх болсон нам цөөнхөө дарангуйлдаг байдал руу орж болохгүй.