
Зургийг: mongolia.gov.mn
Засгийн газрын ээлжит хуралдаанаар найман төрлийн 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Худалдаа, хоол үйлдвэрлэл, ахуйн болон авто, зочлох үйлчилгээ, тоглоомын төв, соёл урлаг, чийрэгжүүлэх үйлчилгээ эрхлэх аан, иргэд e-business платформоор хүсэлтээ илгээгээд бизнесээ шууд эхлүүлэх боломж бүрдэж байна.
Цаашид Төрийн байгууллагууд төсвийн хөрөнгөөр программ хангамж хөгжүүлэхгүй. Төр мэдээллийн сан, аюулгүй байдлаа хариуцаж, дэд бүтэц хөгжүүлэлтийг хувийн хэвшилд даатгана. Сүүлийн 10 жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 гаруй тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 230 гаруй сая ам.долларыг программ хангамж систем хөгжүүлэхэд зарцуулсан байгааг мэдээллээ.
Үүнээс гадна эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын цалинг тавдугаар сарын нэгнээс эхлэн гурван талт хэлэлцээр болон УИХ-аар батлагдсан төсвийн дагуу нэмж, нэг шатлалтай болгох шийдвэр гаргасан байна.
Салбарын 39 мянган эмч, ажилтны цалинг нэг шатлалтай болгоход нийт 150 тэрбум төгрөг шаардлагатай. Энэхүү эх үүсвэрийг Эрүүл мэндийн даатгалын санд тодорхой зохицуулалт хийх, эрүүл мэндийн салбарын цахимжуулалтыг сайжруулах зэрэг замаар хэмнэлт хийж шийдвэрлэнэ.
Энэ хүрээнд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжид байхгүй зарим эмийг хөнгөлөлтөөс хасаж, эмийн хатуу зохицуулалттай ХБНГУ, Англи, БНСУ зэрэг улсад үйлдвэрлэсэн эмийг хөнгөлөлтөд түлхүү багтаахыг салбарын сайд мэдээллээ.