
Зургийг: Andrew Harrer/Bloomberg
(Bloomberg) -- Хиймэл оюунт чатботуудын хэрэглэгчдэд өгдөг эрүүл мэнд, анагаах ухааны зөвлөгөөний тэн хагас нь эргэлзээтэй мэдээлэл байгааг шинэ судалгаагаар тогтоожээ. Энэ нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд улам чухал байр суурь эзлэх болсон тус технологиос үүдэж болзошгүй эрүүл мэндийн эрсдэлийг тодотгон харуулж байна.
АНУ, Канад, Их Британийн судлаачдаас бүрдсэн баг “ChatGPT”, “Gemini”, “Meta AI”, “Grok”, “DeepSeek” гэсэн хамгийн олон хэрэглэгчтэй таван платформд үнэлгээ хийж, дээрх дүгнэлтийг гаргажээ. Ингэхдээ чатбот тус бүрээс анагаах ухааны таван салбарыг хамарсан 10 асуулт асуухад тэдний өгсөн нийт хариултын 50 хувь нь эргэлзээтэй, 20 орчим хувь нь маш өндөр эргэлзээтэй мэдээлэл байсныг “BMJ Open” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд онцолжээ.
Хаалттай буюу зөвхөн тодорхой хариулт шаардах асуултуудад чатботууд харьцангуй сайн хариулж байсан бол үүдэл эс, шим тэжээл зэрэг сэдвийг хамарсан нээлттэй асуултуудад тааруу үр дүн үзүүлсэн байна. Түүнчлэн чатботууд ихэвчлэн өөртөө маш итгэлтэй, тогтсон ойлголт мэт өнгө аясаар хариулж байсны сацуу асуултад хариулахдаа эш татсан мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэд гаргаж өгсөн чатбот ганц ч байгаагүйг судлаачид тэмдэглэжээ. Асуултад хариулахаас татгалзсан хоёрхон тохиолдол гарсан нь хоёулаа “Meta AI”-ийнх байжээ.
Хиймэл оюунт чатботууд асар хурдтай хэрэглээнд нэвтэрснээр хүмүүс өвдөлт зовуурийн үед зөвлөгөө авдаг түгээмэл хэрэгсэл нь болоод буй. Зөвхөн “ChatGPT”-ээс долоо хоног бүр 200 сая гаруй хэрэглэгч эрүүл мэнд, эрүүл амьдралын сэдэвтэй асуулт асуудгийг “OpenAI” компани мэдээлж байв.
Нийтийн эрүүл мэндийн боловсрол, хяналтыг сайжруулахгүйгээр энэ төрлийн зориулалттай чатботуудыг нэвтрүүлснээр алдаатай, буруу мэдээллийг улам газар авхуулах хамгийн том эрсдэл бийг “BMJ Open”-ийн судалгааг гаргасан эрдэмтэд анхааруулсан байна.