
Зургийг: The Times of Central Asia
Төв Азийн Киргиз улс бага оврын усан цахилгаан станцын төслүүдээ эрчимжүүлж, цахилгаан эрчим хүчний импортоос бүрэн хамааралгүй болох зорилт тавин ажиллаж байгааг тус улсын Эрчим хүчний яам онцолсон байна.
Энэ хүрээнд дараагийн дөрвөн жилийн хугацаанд нийт 421 МВт-ын хүчин чадалтай 48 усан цахилгаан станц шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус улс 2021-2025 оны хооронд бага оврын 27 усан цахилгаан станц барьж ашиглалтад оруулсан нь одоогоор жилд нийт 427 сая КВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгааг салбарын яам нь мэдээлсэн байна.
Шинэ усан цахилгаан станцуудын дийлэнхийг Чуй, Иссык-Куль мужид барих бөгөөд станц тус бүрийн хүчин чадал нь ойролцоогоор 1.5-9 МВт байна гэж тооцоолжээ.
Нутаг дэвсгэрийн 90-ээс дээш хувь нь уулархаг Киргиз улс усны эрчим хүчний ихээхэн нөөцтэйд тооцогддог. Үйлдвэрлэх боломжтой нийт хүчин чадал нь 142 тэрбум КВт/цаг байдаг ч өдгөө үүний 13-14 хувийг нь ашиглаж байгааг Киргизийн Эрчим хүчний сайд Таалайбек Ибраев мэдээлжээ.
Эрчим хүчний нийт хэрэгцээнийх нь 40 орчим хувийг хангадаг Токтогулийн усан цахилгаан станцын далангийн усны түвшин тогтворгүй байгаагаас Киргиз улс сүүлийн жилүүдэд эрчим хүчний дутагдалд орж, хөрш орнуудаасаа эрчим хүч импортлох шаардлага нь нэмэгдсэн байна. Тус улс одоогоор жилд 14.5 тэрбум КВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж байгаа нь дотоодын нийт эрэлтээс 4.5 тэрбум КВт/цагаар дутах үзүүлэлт аж. Энэ зөрүүг нөхөхийн тулд 2025 онд 4.3 тэрбум КВт/цаг импортолсон бөгөөд 2026 онд мөн ойролцоо хэмжээний эрчим хүч импортлох шаардлагатайг албаныхан мэдээлжээ.