
Зургийг: Jim Young/Bloomberg
(Bloomberg) -- “Amazon.com” компани “Globalstar”-ийг 11.6 тэрбум ам.доллароор худалдан авч Илон Маскийн “Starlink”-тэй хиймэл дагуулын харилцаа холбооны зах зээл дэх өрсөлдөөнөө шат ахиулахыг зорьж байна. Энэхүү зах зээл ойрын жилүүдэд 200 тэрбум ам.доллароор хэмжигдэж хоёр дахин өсөх төлөвтэй байгаа юм.
Дээрх хэлцэл амжилттай болбол “Amazon.com” хиймэл дагуулын холболтын үйлчилгээ хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой радио давтамжийн лицензүүдийг эзэмших боломжтой болно. Ингэснээр 2028 онд хэрэглэгчдийн гар утсанд шууд холбогдох “direct-to-device” хиймэл дагуулын сүлжээний үйлчилгээ нэвтрүүлэхээ тодотгожээ.
Хэлцлийн тухайд “Globalstar”-ийн хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 90 ам.доллар санал болгож буй нь аравдугаар сарын сүүлийн арилжааны хаалтын ханшаас бараг 117 хувиар өндөр дүн болж байна. Эсвэл “Amazon.com”-ийн хувьцаанаас дээрх ханшаар дүйцүүлэн худалдан авч болох ба эдгээр саналыг хослуулан сонгох хувилбарыг ч хэлцэлд тусгасныг дурджээ.
Үүний зэрэгцээ “SpaceX”-ийн салбар нэгж “Starlink” тойрог замд 10 мянган хиймэл дагуулын сүлжээ байгуулж, 10 сая хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж зах зээлдээ манлайлж байна. Мөн алслагдмал бүс нутгуудад найдвартай интернэтийн үйлчилгээ үзүүлдгээрээ нэр хүндээ ахиулсаар байгаа юм.