logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Тэтгэврийн даатгалын сангаас I улиралд 528.4 мянган хүнд ₮1.5 их наядын тэтгэвэр олгожээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 15 12:00
    167

    Зургийг: С.Батсайхан

    Оны эхний улиралд ажилгүйдлийн тэтгэмжид 89.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 90.4 хувиар өссөн үзүүлэлт болж байна

    Нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний улирлын байдлаар 1.9 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 21 хувиар өссөнтэй зэрэгцээд зарлага нь 17.2 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    Нийгмийн даатгалын сангийн зарлага нэмэгдэхэд ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 90.4 хувиар, тэтгэврийн даатгалын сангийнх 14 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

    Тайлант хугацаанд Тэтгэврийн даатгалын сангаас нийт 528.4 мянган хүнд 1.5 их наяд төгрөгийн тэтгэвэр олгосон бөгөөд тэтгэвэр авагчдын тоо өмнөх оны мөн үеэс 14.6 мянгаар буюу 2.8 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 184.4 тэрбум төгрөгөөр буюу 13.9 хувиар өсжээ.

    Ахмад настнуудыг давхар эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдүүлэхээр Засгийн газар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулаад буй.

    unnamed (2).jpg

    Үүнээс гадна ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага сүүлийн жилүүдэд эрс тэлж байна. Зөвхөн энэ оны эхний улиралд 16 мянга орчим иргэнд 89.7 тэрбум төгрөг олгосон нь 2022 оны жилийн нийт дүнгээс давжээ. Сангийн зарлага орлогоосоо хэтэрснээр 47.5 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа аж.

    Өнгөрсөн оны X-XII сард олгох байсан 14 мянга орчим иргэний тэтгэмжийг 2026 онд нөхөн олгосон нь сангийн зарлага нэмэгдэхэд нөлөөлсөн гэж харж болохоор байна.

    Энэ онд ажилгүйдлийн тэтгэмжид нийт 190 тэрбум төгрөг олгохоор төсөвлөсөн бөгөөд эхний улиралд 50 гаруй хувийг нь олгосныг харвал энэ оны сүүлийн саруудад ажилгүйдлийн тэтгэмж олгож чадахгүй нөхцөл үүсэхээр байна.

    Тайлант хугацаанд нийт 2.1 сая иргэнд нийгмийн халамжийн үйлчилгээнд нийт 676.4 тэрбум төгрөг олгосноос 60 хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмж эзэлжээ.

    Cэтгэгдэл бичих