
Зургийг: Э.Тэнгис
Монголын Хөрөнгийн бирж дэх хувьцааны арилжаа эрчээ хадгалсаар байна. Дөрөвдүгээр сарын эхний 10 өдрийн байдлаар 6.1 тэрбум төгрөгийн арилжаа хоёрдогч зах зээлд хийгдсэн нь оны дунджаас холгүй үзүүлэлт боллоо.
Хамгийн их арилжаалагддаг ХААН Банкны хувьцааны арилжаалагдсан тоо ширхэг он гарсаар бага зэрэг нэмэгдсээр байна. Ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдрийн дараа ханш нь огцом унаад байсан ч түүнээс хойш эргэн дөрвөн хувиар өсөөд байгаа юм.
“Голомт Банк” ХК-ийн хувьцаа ч мөн адил хөрөнгө оруулагч, арилжаалагчдын дунд өндөр эрэлттэй байна. Дөрөвдүгээр сарын арилжааны талаас дээш хувийг эдгээр банкны хувьцаа бүрдүүлж байна.
Монголын Хөрөнгийн бирж “ТОП-20” индексийн уналтын эрч нэмэгдэж, энэ сарын эхний хагаст өмнөх саруудаас илүү буурсан төдийгүй өнгөрсөн таван жилийн хамгийн өндөр уналттай арилжаагаа үргэлжлүүлж байна.
Тус индексийн сагсанд багтдаг хувьцаанууд ч тааруу үзүүлэлттэй байгаа бөгөөд дөрөвдүгээр сард индексэд бүртгэлтэй гурван компанийн хувьцааны ханш өсөлттэй байгаа юм. Нийт зах зээлийн үнэлгээ нь нэгдүгээр сарын оргил цэгээсээ 1.1 их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.