
Зургийг: С.Батсайхан
2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс дөрөв дахин тэлсэн үзүүлэлттэй байна. Түүнчлэн энэ нь түүхэн дэх хамгийн өндөр I улирлын алдагдалд тооцогдож магадлал өндөр боллоо.
Тайлант хугацаанд улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 7.2 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 764.7 тэрбум төгрөг буюу 11.9 хувиар өссөн бол тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 6.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар нэмэгдсэн байна.
Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний улиралд 7.7 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарав.
Үүнээс гадна 2026 оны эхний гурван сарын байдлаар татварын нийт орлого 5.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 75.3 тэрбум төгрөгөөр буюу 1.3 хувиар нэмэгдсэн байна. Тухайлбал: томоохон хэсгийг нь бүрдүүлдэг орлогын албан татварын орлого 17 хувиар, онцгой албан татвар 31.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан нь өмнөх оны мөн үеэс 3.5 их наяд төгрөгөөр тасалдсан дүн болж байна.
Харин орлогын албан татварын орлого 343.5 тэрбум төгрөгөөр буюу 17 хувиар буурчээ. Орлогын албан татвар сүүлийн хоёр жил дараалан буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Хөрөнгийн зардлын хувьд оны эхний улиралд 1.1 их наяд төгрөг болж, 2025 оны I улирлаас 497.5 тэрбум төгрөгөөр буюу 84 хувиар өссөн байна. Үүнд барилга байгууламжийн зардал 409.6 тэрбум төгрөг, их засварын зардал 27 тэрбум төгрөг, бусад хөрөнгийн зардал 46.8 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.