
Зургийг: unccd.int
2026 оны төсвөөс байгаль орчны салбарт хийх хамгийн том хөрөнгө оруулалт нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-д зориулсан бүтээн байгуулалт.
Дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тооцоотой тус хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдахад дөрвөн сар орчмын хугацаа үлдээд байгаа энэ үед бэлтгэл ажил 55.9 хувьтай явагдаж буйг ажлын албанаас нь мэдээлж байна. Зохион байгуулах дэд хороод дундаас харилцаа холбоо хариуцсан дэд хорооны гүйцэтгэл хангалтгүй, мөн дотоодын хувийн хэвшлийнхний гүйцэтгэх "Ногоон бүс"-ийн бэлтгэл ажил болон үйл ажиллагааны менежментийн ажил нь зогсонги байдалд ороод байгаа аж.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 26.9 га талбайд СОР17 хурлын үндсэн арга хэмжээг “ногоон бүс”, “хөх бүс” гэсэн хоёр хэсэгт хувааж зохион байгуулах бөгөөд нийт 44 мянган м.кв талбайг барилгажуулахыг салбарын яам нь мэдээлж байв. Гэтэл "Ногоон бүс"-ийн санхүүжилт шийдэгдээгүй байгаа тул ажлыг үргэлжлүүлэн хариуцах боломжгүйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдсэн.
Хоёрдугаар сард нийслэлийн төсөвт хийсэн тодотголоор төсвийн урсгал зардлыг 71.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, үүнээс 70.1 тэрбум төгрөгийг COP17 хурлын байгууламж, үйлчилгээний түрээсийн зардалд зарцуулахаар хуваарилсан юм.
Үүнээс өмнө бага хурлын барилга байгууламж, тоног төхөөрөмжид 217.1 тэрбум төгрөг, бэлтгэл ажил, мэдээлэл түгээх, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах зэрэгт 39.5 тэрбум төгрөгийн урсгал зардал тусгаад байлаа.
Мөн өнгөрсөн онд төсөв батлахдаа 2026 онд Байгаль орчны сайдын төсвийн багцыг 70 орчим хувиар нэмэгдүүлж 442 тэрбум төгрөг байхаар төлөвлөж байв.
Одоогоор “Ногоон бүс”-ийн гадна зохион байгуулалтын төсөв хараахан батлагдаагүй байгаа бол дотор тохижилтод нь нийт 3.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Түүнчлэн зочдыг хүлээн авах байрны төсөв нийслэлийн 2026 оны төсөвт тусгагдсан боловч хүрэлцээгүй тул хөрөнгө оруулалт хийх хүсэлтийг БОУАӨЯ-нд тавьснаа НЗДТГ мэдээллээ.